“Гал үндэстэн холбоо”-ноос “Их цааз, их эргэлт” уулзалт зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр “Нийгэм биднийг сураглаж байх шиг байна. Бид тодорхой зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа. Эх орны төлөө их эргэлт хийх гэж байна” гэв.
Тус холбооны удирдах зөвлөлийн дарга Г.Болдбаатар “Ял эдэлж гараад олон хүнтэй уулзаж, олон газраар явлаа. Хүмүүс биднээс “Айсан уу, мөнгө аваад дуугүй болж байна уу” гэж асууж байна. Аль нь ч биш. Бид эх орон газар шорооныхоо төлөө өлсгөлөн зарлахаас эхлээд буу барьж жагссан. Үүнийхээ төлөө 21 жил зургаан сарын ял авсан. Гэхдээ бид шантраагүй. Харин луйварчдыг зэвүүцэж, улам омогшсон. Ял эдлэх хооронд хоёр хүн маань нас барсан. Бидний тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн ч төгс болж чадаагүй тул төрийг үндсээр нь өөрчлөхөөр зориглож байна. Үүний төлөө бусад хөдөлгөөнийхөнтэй нэгдэн тайван замаар тэмцэнэ. Мөн “Их цааз, их эргэлт” уулзалтыг тавдугаар сарын 24-нд морин цагт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулж үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө” гэлээ.