Монголын эдийн засгийн чуулган өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, У.Хүрэлсүх хаалтын үг хэлж, улмаар Ерөнхийлөгчийн хүлээн авалтаар өндөрлөсөн юм. Амжилттай гэх үү, амжилт муутайхан гэх үү, энэ форум дээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Б.Баабар нарын хэлэх үг өчигдөр багагүй хүлээлттэй байсан юм. Харамсалтай нь Монгол Улсын төрийн тэргүүн хэлсэн үгэндээ алдаа гаргаж олныг цочирдуулж, нэлээд шүүмжлэл дагуулав. Тэрээр АНУ-ын “Энэтхэг-Номхон Далайн Стратеги”-ийн тухай илтгэл уншиж байхдаа бүхэл бүтэн өөрийн улсын нэрийг хольж солих нь тэр.
Түүний андуурсан хэсэгт “АНУ-ын зарласан Энэтхэг-Номхон далайн бүс нь БНХАУ-ыг сөрөх бодлого юм” гэж байжээ. Харин тэрээр илтгэлээ уншихдаа БНХАУ-ыг гэснийг андуурч БНМАУ гэж уншлаа. Залруулга ч хэлсэнгүй. Хятад өнөөдөр дэлхий дахинаа хэр хэмжээний нөлөөтэй болж байна вэ гэдэг талаас нь харвал амны билгээр сайны ерөөлтэй ч юм шиг. Гэвч бусад улс орнуудын сөрөг хандлагатай тулна гэдэг утгыг нь сонсохоор муугийн зөгнөлтэй ч гэмээр.
Энүүхэндээ л гэхэд БНХАУ, МУ гэсэн тэс хоёр өөр үг, үсгийг андуурч харж байгаа нь гайхалтай. Эсвэл Ерөнхийлөгчдөө зөвлөн туслах арын албаныхан айхтар том алдаа гаргасныг огт анзааралгүй, урсгалаараа уншаад өнгөрүүлсэн байх магадлалтай. Гэсэн ч төрийн тэргүүн өөрийн удирдаж байгаа улс орныхоо нэрийг ингэж андуурсан нь эмгэнэлтэй. Илтгэлээ уншиж байхдаа ээрч гацаж түгдэрч байгаа нь элдэв янзын шүүмжлэл дагуулаастай. Бид 1991 онд одоогийн Үндсэн хуулиа баталснаар БНМАУ гэхээ больж, Монгол Улс болсон гэдгээ умартсан зарим нь санууштай.
Төрийн тэргүүн спортын хүн байлаа гээд бичиг үсгийн боловсрол тааруу байж болно гэсэн ойлголт хаа ч үгүй. Тиймээс унших болон ярих илтгэлээ сайжруулж, боловсрохгүй бол ард түмнийхээ элэг доог болох нь энүүхэнд, цаашлаад олон улсад эх орныхоо талаар буруу ташаа ойлголт өгөх эрсдэл тэрүүхэнд байна.
Хөрөнгө оруулагчгүй, хоосон суудлуудтай Эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө иймэрхүү дүр зурагтай болж албан ёсоор чуулган өндөрлөв.