Москва хотын төвд Оросын алдарт дуучин Феодор Шаляпин болон нэр яруу найрагч Осип Мандельштам нарт зориулсан талбайг бий болгохоор төлөвлөж байгаа тухай тус хотын Захирагчийн цахим сайтад мэдээлсэн байна. Оросын утга зохиолын мөнгөн үеийн төлөөлөл болсон яруу найрагч Осип Мандельштамын нэрэмжит талбайг Басман дүүргийн Забелин гудамжинд байгуулах бөгөөд тэнд яруу найрагчийн хөшөөг босгохоор төлөвлөжээ. Харин Оросын дуурийн алдарт дуучин Федор Шаляпинд зориулсан талбай Неглинная болон Петровка гудамжны дунд байх ажээ. Эдгээр газрууд өмнө нь ямар нэг хүний нэрээр нэрлэгдэж байгаагүйг албан мэдээнд онцолсон байна.
Оросын нэр яруу найрагч Осип Мандельштам нь 1891-1938 оны хооронд амьдарч байсан яруу найрагч, орчуулагч, утга зохиолын шүүмжлэгч бөгөөд түүнийг Оросын утга зохиолын Мөнгөн үеийн гол төлөөлөл гэж үздэг юм. Харин Федор Шаляпин бол 1873-1938 оны хооронд амьдарч байсан дуурийн нэртэй дуучин ба тэрээр Их театр болон Мариинскийн театр, мөн Метрополитен-оперуудад дуулж байжээ.