Голын усанд живж байсан 2 иргэний амь насыг авран хамгаалжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг баг Орхон голд хоёр хүн амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч ахлах ахлагч Х.Цэнддорж 7036102 дугаарын утсаар 2018 оны зургадугаар сарын 22-ны 17 цаг 26 минутанд өгсний дагуу тухай өдөр Орхон гол дагуу голын усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалт, ухуулга сурталчилгааны үүрэг гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга ахмад М.Ганбаатраар ахлуулсан таван алба хаагч ослын газар очжээ.
Тэднийг очиход Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Г /24 настай/ , Б /24 настай/ нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй живж байсныг уснаас гарган Цагдаагийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч Б.Анхбаярт эсэн мэнд хүлээлгэн өглөө. Иргэдийн аялал, амралтын улирал эхэлж гол мөрний дагуу олноор амрах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол нуурын эрэг дагуу тоглуулах, тухай гол мөрний гүн, урсацын хурдыг тооцоогүйгээс гол мөрний усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон тухайн голын нөхцөл байдлыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.