Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багт хүн шороонд дарагдсан тухай дуудлага энэ сарын 27-ны 07:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу онцгойгийн алба хаагчид очиход 23 настай Д /эрэгтэй/ бохирын нүх ухаж байгаад хана нь нурж 70 см орчим шороонд дарагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд дулааны худагт цогцос байна гэсэн дуудлага 12:08 цагт иржээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид очиж, нэр, нас, хүйс нь тодорхойгүй цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт хүн усанд живсэн байж болзошгүй, сураггүй болсон тухай дуудлага өгсөн байна. Тодруулбал, тус аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Цагаан сайрын булан” гэдэг газар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат 49 настай Б /эрэгтэй/ энэ сарын 26-ны өдрийн 03:00-06:00 цагийн хооронд алтны уурхайн ажилчдын гэрээс гараад сураггүй болсон аж. Энэ талаар тухайн өдрийн 14:15 цагт мэдэгдсэний дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид, сумын нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр буюу 27-ны өдөр 11:45 цагт “Цагаан сайр”-ын гарамаас баруун урд зүгт 10 км-т орших “Дов” гэдэг газар, “Цагаан сайр”-ын голоос цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.