Автобусны буудал бүрт карт цэнэглэх цэг байрлуулахаар болжээ. Тодруулбал, өглөөний 06.00 цагт ч ажиллаж цэгүүдийг автобусны бүх буудалд байрлуулж, сонин, сэтгүүл, автобусны төлбөрийн карт л худалдах аж. Түүнчлэн цэгүүдэд лед дэлгэц суурилуулж, аль чиглэлийн автобус, хаана явж байгааг мэдээлэх юм байна. Мөн хяналтын камер байрлуулж, зогсоол бүрийг хянах ажээ.
Одоо карт цэнэглэж буй цэгүүд цөөн учраас иргэдэд жолооч нарт бэлэн мөнгө өгч, нийтийн тээврийн орлогоос хотын төсөвт төвлөрөх мөнгө багасаж буй юм. Энэ талаар албаны эх сурвалж энэ талаар “Жолооч нар орлогоороо бус, ажилласан цагаараа цалинжиж байгаа. Гэсэн хэрнээ иргэдээс бэлэн мөнгө авч, хотын төсвөөс хумсалж байна. Нэг жолооч үйлчлүүлэгчдээс өдөрт дунджаар 30-40 мянган төгрөг авдаг. Энэ мөнгө хотын төсөвт орох ёстой. Тиймээс бид карт цэнэглэх цэгийн тоог олшруулж, төсвийн орлогоо алдахгүй байх арга хэмжээ авахаар төлөвлөлөө. Удахгүй цэгүүдийг байрлуулж эхэлнэ” гэсэн юм.
Дашрамд дуулгахад, 2016 оноос автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулсан. Гэвч зорчигчид мөнгөн дэвсгэртийг голоор нь хувааж хийх зөрчил нэлээд гарах болсон. “Улаанбаатар смарт карт” компанийнхны хэлж буйгаар, хүмүүсийн урсан 50, 100, 500-тын дэвсгэрт хоёр орчим сая төгрөг болжээ. Иймд автобусны бэлэн мөнгөний хайрцгийг авч, зөвхөн картаар зорчих шаардлага тавиад буй ажээ.