Токио хотод болж байгаа мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээнийг их аварга Хакүхо 11 даваатай хошуучилж явна. Өчигдөр озэки Такаясүг ялж, 11 дэх даваагаа аваад бууж ирэхэд нь бас нэгэн зочин хүлээж байлаа. Бас нэгэн гэдэг учир нь Намрын тэмцээнд Хакүхотой олон алдартан Бөхийн өргөөнд ирж, уулзаж байгаа билээ. Энэ жилийн Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Осака Наоми, жүжигчин Стивен Сигал гээд л олон хүн ирсэн. Энэ удаад Хакүхотой уулзахаар ирсэн хүн бол Германы хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч асан, дэлхийн аварга, ДАШТ-ий хос хүрэлтэй, өдгөө “Кобэ Виссел” багийн тоглогч Лукас Подольски байлаа.
Подольски их аваргатай гар барин, Германы шигшээ багийн өмсгөл дээр гарын үсгээ зуран бэлэглэсэн байна. Тэд өмнө нь нэг удаа Осакагийн тойргийн барилдааны үеэр уулзаж байжээ.
Хакүхо “Энэ удаад башё ирж үзсэнд нь их баяртай байна. Лукасын өмнө ялсан болохоор бүр ч сайхан байна” гэж ярьсан бол Подольски “Кокүгикан ордоны уур амьсгал үнэхээр сайхан юм. Бурханлаг, тэнгэрлэг газар байна. Сүмо бөхчүүд бүгд л сүртэй ч Хакүхо бусдаас онцгой нь мэдэгдэж байлаа. Түүний байж байгаа байдал, барилдаан гээд бүх зүйлээс нь нэг тийм онцгой зүйл мэдрэгдэж байсан” гэж хэлсэн байна.