Цэцэгт байцаа ач тустай гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Гэхдээ хэрэв зөв хэрэглэхгүй бол өөрөөр хэлбэл, аминдэмийг нь авч чадахгүй бол эл ногоо мянган “шид”-тэй байгаад ч нэмэргүй. Тэгвэл хэрхэн боловсруулж, хэрэглэх ёстой вэ. Энэ талаар Хятадын Жэцяны их сургуулийн эрдэмтэд шинэ зөвлөмж гаргасан байна.
Тэдний мэдээлснээр цусан дахь чихрийн хэмжээг тэнцвэржүүлдэг, хорт хавдрын эсийн эсрэг үйлчилгээтэй сульфорафан хэмээх бодис цэцэгт байцаанд агуулагддаг бөгөөд халуун боловсруулалтын үед уурших, усанд “живэх” зэргээр алдагддаг. Тиймээс чанахын өмнө жижиглэн хэрчээд, тасалгааны хэмд 1-1.5 цаг задгай байлгах учиртай гэнэ. Ингэснээр сульфорафан болон бусад ашигт аминдэм, эрдэс бодис нь бараг гурав дахин нэмэгддэг юм байна. Ингэж “баяжуулсан” цэцэг байцааг буцалж буй усанд ердөө 2-3 минут болгоно. Шарахдаа ч эл хугацааг хэтрүүлж болохгүй аж.
Дашрамд дурдахад, буржгар байцааны төрөлд багтдаг эл ургамалд глюкорафанин хэмээх бас нэгэн супер нэгдэл агуулагддаг. Энэ нь хүний эсийн бодисын солилцоог зохицуулж, цусан дахь өөх тосыг задалдаг. Тун энгийн үгээр тайлбарлавал цусан дахь чихэр, тосны хэмжээ ихдэхээр ашиггүй холестериний хэмжээ нэмэгддэг.
Үүнийг л уг нэгдэл задалж, энэ явцад сульфорафан бий болдог юм байна. Ингэснээр хүний дархлааны системийг дэмжинэ гэсэн үг. Мөн сульфорафан нь үе мөчний мөгөөрсний эд, эсийг хамгаалдаг, хорт хавдар болон төрөл бүрийн нянгийн эсрэг нөлөөтэй органик нэгдэл аж.