Агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэн утаа бууруулах дэвшилтэд технологи турших “Утаагүй вагон” төсөл хэрэгжүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Япон улсын “Эм Ай Эс” компанитай хамтран ажиллаж буй. Энэ хүрээндээ эхний ээлжинд зорчигч тээвэрлэх 20 галт тэргэний янданд Япон улсын “Japan Flare” төхөөрөмж суурилуулан өнөөдрөөс хөдөлгөөнд оролцуулж эхлэв. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс төслийн үйл явцын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах эл төслийн нийслэлийн ЗДТГ-аас дэмжиж 10 галт тэргэнд төхөөрөмж суурилуулахад шаардлагатай 140 сая төгрөгийн санхүүжилт шийдэж өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан төслийн талаар “Улаанбаатар төмөр замын зорчигчийн галт тэрэгнүүд галлагааны улиралд 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж, тэр хэмжээгээр агаарыг бохирдуулж байгаа. Туршилтаар суурилуулсан уг төхөөрөмж нь зууханд дутуу шатсан угаарын хийг яндангаар гарах явцад өндөр дулааны хүчээр шатааж, түүнд агуулагдаж байгаа нарийн тоосонцорын хэмжээг бууруулдаг дэвшилтэд технологи. Утааг бодитоор бууруулж байгаа нь батлагдсан учраас холбогдох яам, газартай хамтран цаашдаа энэ төслийг үргэлжлүүлнэ” гэсэн юм.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, зорчигч тээврийн 282 галт тэрэг галласны улмаас тухайн дүүргийн дөрвөн хорооны агаарт их хэмжээний тоос, тоосонцор тархдаг нь 3500 орчим айлын яндангаас гарах утааны хэмжээтэй тэнцэнэ гэсэн судалгаа бий.
Тодруулбал, Баруун дөрвөн зам, Х хороолол, 25 дугаар эмийн сан орчмын агаар бохирдол ихтэй байдаг гэсэн үг. Тэгвэл “Japan Flare” төхөөрөмжийг галт тэрэгний янданд суурилуулснаар гарах угаарын хийн агууламж 8.8, хүхрийн давхар исэл 4.1, агаарт тархах тоосонцор 12 дахин буурах юм байна. Хамгийн гол нь нэг вагоны хоногт ашиглах нүүрс 40 хувиар буурч буй юм.