Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар энэ оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцох юм. Түүнчлэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух ЭСЯ-ны нээлтийн ажиллагаанд оролцохоор төлөвлөж байгаа аж.
Тус улс дахь албан ёсны айлчлалын дараа буюу 6 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүний тавдугаар уулзалтад оролцох юм.