Японы сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох шийдвэр гаргасан билээ. Тэрбээр өөрийн гэсэн дэвжээ байгуулах болон ирэх оны зуны олимпийн нээлтэд оролцох хүсэлтэй байгаадаа үндэслэж энэхүү шийдвэрийг гаргах болсноо тайлбарласан.
Түүний Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг нь өнгөрөгч зургадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсон юм. Харин Япон улсын иргэн болох хүсэлтийг өнөөдөр /2019.09.03/ Япон улсад албан ёсоор баталсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Их аваргын хүсэлтийг Япон улс хүлээн авснаар тэрээр сүмо бөхийн дэвжээтэй болох боломж бүрэн нээгдэж байгаа юм.
Хакүхогоос өмнө Монгол улсын бөхчүүдээс сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням нар тус улсын иргэншилтэй болоод байсан билээ.