Капитал банкинд байршиж байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгөөр нөхөн төлүүлэх саналаа өгсөн гэдгийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Д.Дэмбэрэл хэллээ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсож байна.
Тайланг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил Капитал банкинд байршиж байсан ЭМДС-ийн мөнгийг хэрхэж байгаа талаар тодруулсан юм. Ингэхдээ тус банкинд асуудал үүссэн, мөнгөө татах санал хүргүүлсэн ч авалгүй байсаар эрсдэлд орсон гэдгийг хэллээ.
Үүний хариуд ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл “Энэ мөнгө эрх хүлээн авагчдын мэдэлд байгаа шүүхээр шийдвэр гарсан. Мөнгөн хөрөнгө нөхөж төлөхөд бэрхшээлтэй гэсэн тул бид саналаа өгсөн. Хуульд нийцүүлэн үл хөдлөх хөрөнгөөс өгүүлэх талаар ярьж байна” гэлээ.