Улаанбаатар хотын төв талбайд мөсөн хотхон байгуулж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.
Үүний санхүүжилт нь нийслэлийн төсвөөс гарч буй эсэхийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Монгол Улс болон Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойд зориулж тус улсын Элчин сайдын яамнаас түүх соёлоо харуулсан мөсөн байгууламж байгуулах хүсэлтийг хотын захиргаанд тавьсан байсан. Гэхдээ энэ нь Монгол Улсад дотоодын халдвар гарахаас өмнө яригдсан асуудал.
Хүсэлтийг нь хотын захиргаа хүлээж авсан бөгөөд Төв талбайд Таж Махалыг харуулсан жижиг байгууламж барих юм. Тоглох мөсөн гулгуурын талбай гэх мэт зүйлс байхгүй. Санхүүжилтийг тус улсын тал хариуцна, нийслэлийн төсвөөс гараагүй” гэлээ.
Энэ онд Монгол, Энэтхэг хоёр хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна.