АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх оны Америкийн цэргийн зардлын тухай хуульд хориг тавилаа.
“Би 2021 оны санхүүгийн жилийн цэргийн төсвийн төслийг батлалгүйгээр буцааж байна. Уг хуулийн төслийг манай үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой болохыг хүлээн зөвшөөрч байна. Гэвч харамсалтай нь баримт бичигт үндэсний аюулгүй байдлын чухал заалтуудыг оруулаагүй, манай ахмад дайчид, цэргийн түүхэнд халдсан заалттай, АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын салбарын тэргүүлэх байр суурийг хангах гэсэн засаг захиргааны хүчин чармайлттай зөрчилдөж байна. Энэ бол Хятад, Орост барьж буй бэлэг юм” гэж тэрбээр мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
Ирэх нэгдүгээр сард Цагаан ордноос явах тэрбээр Афганистан, Өмнөд Солонгос, Герман дахь АНУ-ын цэргийн тоог цөөрүүлэх хязгаарлалттай холбоотой, мөн Иргэний дайны үеийн өмнөд муж улсуудын удирдагчдын нэрээр нэрлэсэн Америкийн цэргийн баазуудын нэрийг өөрчлөх заалтуудад сэтгэл дундуур байгаа аж.
Д.Трамп мөн хэрэглэгчийн нийтлэлийн агуулгын төлөө Америкийн нийгмийн сүлжээнүүдэд хүлээлгэх хариуцлагад тавьсан хязгаарлалтыг цуцлахыг шаарджээ.
АНУ-ын Конгресс 740 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй цэргийн зардлын тухай хуулийн төслийг дийлэнх олонхын саналаар баталсан юм. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгож болно гэсэн үг юм.
Америкийн хуульд заасны дагуу Конгрессоос баталсан актуудад Ерөнхийлөгч гарын үсэг зурах ёстой. Америкийн удирдагч хуулийг эсэргүүцвэл тэрбээр хориг тавьж болно. Хэрэв үүний дараа уг төслийг Конгрессын хоёр танхимын гишүүдийн гуравны хоёр нь дахин дэмжвэл хоригийг давсан гэж үзээд хүчин төгөлдөр болно. Хэрэв Конгресс Трампын хоригийг давж чадахгүй бол 60 жилийн хугацаанд АНУ-ын цэргийн төсвийн хууль (National Defense Authorization Act-NDAA) хүчин төгөлдөр болоогүй анхны тохиолдол болох юм.
Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгох асуудлаар Танхим 12 дугаар сарын 28-нд санал хураана гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мэдэгджээ.