Нийслэл хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нэгдүгээр сарын 6-ны өдөр буюу ирэх лхагва гарагт дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор хөл хориог сунгах эсэх эрсдлийн үнэлгээг өнөөдөр эцэслэнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэллээ.
Тодруулбал, мэргэжлийн 11 байгууллага тус бүртээ хөл хориг сунгах эсэх эрсдлийн үнэлгээг хийдэг бөгөөд уг үнэлгэг нэгтгэн эцсийн үнэлгээг гаргах юм байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ “Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр таамаглаагүй байдлаар өөрчлөгдөж байна. Халдварын тархалт сүүлийн хоёр хоногт бидний өмнө нь таамаглаж байснаас амаргүй хэлбэрээр үргэлжилж байна. Ард иргэд дунд явж байсан 18 тохиолдол илэрлээ. Тиймээс 11 байгууллагын эрсдэлийн үнэлгээг маргааш хийх ба үнэлгээгээр хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр байна” хэмээсэн юм.
Мэргэжлийн 11 байгууллагын гаргасан үнэлгээг нэгтгэж эцсийн саналаа УОК-т танилцуулах бөгөөд УОК хөл хориог сунгах эсэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Засгийн газрын хуралдаан даваа гарагт болох товтой байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “ДЭМБ-ын аргачлалаар 1 хувь 32 мянган халдварлаж 4930 орчим хүний биеийн байдал хүндэр 1640 орчим хүний биеийн байдал маш хүнд болж эрчимт эмчилгээний тасаг руу шилжинэ. 1480 гаруй хүн нас барна гэсэн тооцоолол хийсэн” гэжээ.