Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Нийслэлийн захиргааг нүүлгэхгүй” хэмээн мэдэгдлээ.
Тэрээр “Хотын захиргааны шинэ байранд 260 мкв өрөө байгаа гэнэ. Надад одоо сууж байгаа өрөө маань хангалттай. Нийслэлийн захиргааг Хотын захиргааны шинэ байр руу нүүлгэхгүй. Үүний оронд тэнд монголын залуус ур ухаанаа уралдуулдаг Инновацийн төв байгуулаасай. Мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөх стартап компаниуд, IT компаниуд тэнд бойжоосой. Цахиурын хөндий шиг Яармагийн хөндий болоосой гэж бодож байна. Энэ саналаа ч цаашид дамжуулах болно” гэлээ.
Хотын төвлөрлийг бууруулах зорилгоор Нийслэлийн захиргааны байрыг нүүлгэх шийдвэр гарч, Хотын дарга асан С.Батболдын захирамжаар 2018 онд Яармагт гурван блок цогцолбор барилгын ажлыг эхлүүлж байсан юм.