Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан билээ. Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр /2021.03.31/ Төрийн ордонд 18.50 цагаас мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Засгийн газрын хуралдаанаар улбар шар түвшинд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан. Нийтдээ 14 хоногийн хугацаатай арга хэмжээг авч, зохион байгуулна. Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа унагаахгүй байх боломжит тооцооллыг хийж, аль болох уян хатан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төрийн байгууллага төдийгүй хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд 30-аас дээшгүй хувиар биечлэн ажиллах шаардлагатай. Бид аль болох шууд хатуу хөл хорио тогтоохгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ.
Тавдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амынхаа вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгана. Долоодугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэд гээд бүх салбарт вакцинжуулалтын ажлаа хүргэнэ. Энэ хугацаанд зам дэд бүтэц, бусад салбарын бүтээн байгуулалтын ажил зогсохгүй учраас халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллах ёстой” гэв.
АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХЭД 152.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 2431 ЗЭЭЛДЭГЧИЙН ЗЭЭЛ ГАРЧЭЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Гурван төрлийн зээл буюу ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтээр олгож буй зээл нийтдээ 558.8 тэрбум төгрөгийн зээл гарсан. Эдгээр зээлийн цаана 22.9 мянган ажлын байр дэмжигдэж байна. Энэ жил нийтдээ 5.6 хувийн гүйцэтгэл гарч байна. Зээл нэг бүрээр товч мэдээлэл өгье. Ажлын байрыг дэмжих буй гурван хувийн зээлийн явц гуравдугаар сарын 29-ний байдлаар 152.8 тэрбум төгрөгийн 2431 зээлдэгчийн зээл гарчээ. Өөрөөр хэлбэл, 14 хоногийн дотор ингэж гарч байгаа юм чинь хоёр их наяд төгрөгийн зээл тавдугаар сард өндөр хувьтай байх болов уу. Үүнээс 660 нь Улаанбаатар хотод, орон нутагт 1771 зээл олгогджээ. Үүний 72.2 тэрбум төгрөг нь 343 аж нэгж, 80.6 тэрбум төгрөгийн 2088 иргэн байна. Шинээр олгосон зээл 149.4 тэрбум төгрөг буюу 2386 зээлдэгч байна.
Эндээс арилжааны банкуудын барьж байгаа бодлого нь зөв юм болов уу. Нэн тэргүүнд шинээр зээл авах хэрэгтэй байгаа иргэд одоо байгаа ажлын байраа хадгалах зорилготой зээлдэгчид эхний ээлжинд олгож байна. Нэгэнт өндөр хүүтэй зээл авчихсан иргэд хүүгээ багасгахаар хүлээж байгаа зээлүүдийг хоёрдугаар ээлжинд оруулсан. Нийт ирсэн 32456 хүсэлтээс зээл хүссэн дүн нь 4 их наяд 480.2 тэрбум төгрөг байна. Судалгаанд байгаа нь 9554, хүлээгдэж байгаа нь 19473, татгалзсан 998 хүсэлт байна. Долоон арилжааны банкаар дамжуулан эдгээр зээлүүдийг олгоод байна. Банкуудын уламжлалт зах зээл, онцлогоос хамаарч идэвхтэй оролцож байна. Уг 152.8 тэрбум төгрөгийн зээл дээр 10554 ажлын байр хадгалагдаж байна. Энэ бол хэрэглээний зээл биш. Бичил бизнес эрхэлдэг иргэд цаанаа дор хаяж таван хүн ажлын байраар хангадаг иргэдэд олгох зээл юм. Аж ахуй нэгжүүд дунджаар 10-20 ажлын байр бий болгож, 50-иас дээш байх жишээтэй. Тэгэхээр хоёр их наяд төгрөг хүртэлх зээлийн хүрээнд аж ахуй нэгж 3500 иргэн 20 мянган зээлдэгчид зээл олгох зорилт тавьж байна. Энэ хүрээнд 120 мянган ажлын байр дэмжигдэнэ.
Сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Цар тахлын үед үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үү?
С.Амарсайхан: Хязгаарлалтад орж буй аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үүргийг Сангийн сайдад өгсөн. Бүтээн байгуулалтын салбарын ажилчид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, нэг дор таваас дээш хүн цуглахгүй байхыг зөвлөж байгаа. Эрсдэл үүсч болзошгүй бүхий л газруудад энэ зөвлөмжийг мөрдөнө. Тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой хүнсний үйлдвэр, эрчим хүчний компаниуд бий. Иргэд халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л боломжоо дайчлахыг хүсье. Хөдөө орон нутагт замын бүтээн байгуулалт, газар тариалан зэрэг ил орчинд ажилладаг ажилчид хүн хоорондын зайгаа баримтлаад ажиллаж болно.
-Хязгаарлалтын 14 хоногийн хугацаанд ямар ажлыг хийх вэ?
С.Энхболд: Хязгаарлалтын 14 хоногийн хугацаанд тандалт судалгааны багийг өргөжүүлж, эрчимтэй ажиллана. Үйлдвэр, станц, уул уурхайн байгууллагуудаар тандалтыг хийж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ.
-Зах худалдааны төвүүд ажлын өдрүүдэд 30 хувиас доос дүүргэлттэй ажиллана гэлээ. Хүмүүсийн орлого буурч байгаа ч өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна. Үүнд ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байна вэ?
Б.Жавхлан: Инфляци 2.6 хувьтай байна.Үнийн хөөрөгдөл байхгүй байна гэсэн үг. Ам.долларын ханш 2850 ханш дээр тогтвортой байгаа. Тийм учраас огцом үнийн хөөрөгдөл үүсэх асуудал байхгүй. Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны үеэр олгодог. Хязгаарлалттай холбоотойгоор энэ долоо хоногийн Баасан гариг, ирэх долоо хоногийн Даваа гаригаас олгоно.