УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар МАХН-аас гарах хүсэлт гаргаж, энэ тухайгаа намын удирдлагуудад танилцууллаа.
МАН, МАХН 100 жилийнхээ босгон дээр нэгдэх шийдвэр гаргасан. Тиймээс МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлэхгүй бөгөөд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин ажиллах юм.
Харин энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрс эсэргүүцэж байсан бөгөөд тэрээр өнөөдөр МАХН-ын гишүүнчлэлээс гарч байгаагаа мэдэгдэж өргөдлөө өглөө.
Тэрээр “Өнөөдөр дөрөвдүгээр сарын 29-ны өдөр. Өнөөдөр МАХН, МАН хоёр нэгдэж, нийлж байгаа хурлаа хийж байгаа өдөр. Өнөөдөр би МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Уламбаяртай уулзаж МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа мэдэгдэж байна. Эрх баригчтай тэмцэх хэцүү тэмцэлд хань болж байсан МАХН-ын гишүүд, журмын нөхөд намын удирдлагууддаа сайн сайхныг хүсч байна. МАН-тай би нийлэх боломжгүй учраас ийм шийдвэр гаргаж байна. УИХ дээр Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолойг гаргана. МАН-ын 62 суудлыг 63 болгох гэж Эрдэнэтчүүд надад саналаа өгөөгүй” гэлээ.