МАХН-ын бага чуулганаас гаргасан шийдвэрийг тус намын удирдлагууд танилцууллаа.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа. Тухайн асуудалтай холбогдуулан МАХН-ын бага чуулганаас дэмжих тухай тогтоол гарсныг танилцуулъя.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-наас нэр дэвшигч, Монгол Улсын 30, 31 дэхь Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллана. Сонгуулийн ажилд МАХН-ын гишүүдийг идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байна. Өчигдрийн бага чуулганаар МАХН-ын ээлжит бус Их чуулганы товыг тогтож, төлөөлөгчдийн тоог баталсан.
МАХН-ын ээлжит бус Их чуулган тавдугаар сарын 16-ны өдрийн 11:40 цагт болно. МАН, МАХН нэгдэж, цаашид нэг нам болж байгаа. Нийт гишүүдийн 90 орчим хувь нь хоёр нам нэгдэхийг дэмжсэн. Тиймээс намын Их чуулганаар тухайн шийдвэрийг баталгаажуулна” гэв.
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЗАСАЖ, ДУБАЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Нэгэнт МАН, МАХН хоёр нэгдэж байгаа учраас улс төрийн өндөр соёл үзүүлж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг дэмжихээр шийдвэрлэсэн. Тус хоёр намын нэгдэх ажиллагаа гэрээн дээр тулгуурласан. Нам нэгдэх асуудлыг дарга нар биш, жирийн гишүүд хэлэлцэж шийдсэн.
МАН, МАХН хамтраад 10 зорилт бүхий хамтарсан уриалга гаргасан. Ерөнхийлөгч Засгийн газар, УИХ-тайгаа зөрчилдөөд, бие биенийгээ тараана гэсэн мэдэгдлийг талбай дээрээ гарч, уншаад янз бүрийн эвгүй байдалд оруулж байгаа нь гаж тогтолцооны илрэл гэж бодож байна. У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө бүх шатны байгууллагын ажилтнууд идэвхтэй ажиллана.
Тавдугаар Үндсэн хуулийг батлах нь хоёр намын тохирооны маш чухал зүйл. Дэлхий дээрх Үндсэн хуулиуд 20-25 жилийн настай байдаг. Америкийн Үндсэн хууль 200 гаруй жил өөрчлөгдөөгүй гэж ярьдаг ч худлаа. Үнэндээ олон жил өөрчлөгдсөн.
Мөн шударга ёсыг тогтооно. Мянганы бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ. Амьдрал баян юм чинь ямар ч шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч болзошгүй. У.Хүрэлсүх хэлсэндээ байдаг хүн. Тиймээс сонгуулийн дүн ямар ч гарсан бид нэгдэн нийлэх ажиллагааг зогсоохгүй. Гэхдээ ард түмэн минь дэмжих байх гэж бодож байна. Оюутолгойн гэрээг засаж, Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой.
С.Ганбаатарт одоогийн Ерөнхийлөгч маш их нөлөө үзүүлж байгаа. Харамсалтай нь энэ хүн Х.Баттулгын далдуур толгойлж буй нам руу явж орлоо” гэлээ.