Домгийн шувуу үргээсэн цахим наадмын чимээ айсуй. Наадмын чимээтэй зэрэгцэн байгалийн сайханд аялж буй хүмүүсийн аз жаргалтай зураг, туйлдаж ядарсан эмч, сувилагч нарын үнэнээ өчсөн пост, үхэлтэй тэмцэн буй өвчтөнд хиймэл амьсгаа хийж буй бичлэг, цахим наадмыг эсэргүүцсэн зурагт хуудас өргөсөн иргэдийн эсэргүүцэл нийгмийн сүлжээнд түгэж байна. Хоёр жил шахам хорио цээрийн дэглэмд үйл ажиллагаа нь доголдож ирсэн байгууллага, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнесүүд эцсийн хүчээ шавхан өндийхийг оролдож, дуу хоолойгоо нэгтгэн нэгнээ дэмжиж, хэрэглэгчдэдээ урамшуулал үзүүлэх тухайгаа зарлаж эхэллээ.
Вакцин бол чип хэмээн сурталчилж нийгмийн сүлжээнд дархлаажуулалтын эсрэг давалгаалж байсан хүмүүс эрс цөөрчээ. Утсаа авахаа больтлоо ачаалалд дарагдсан өрхийн эмнэлэг, зөвлөгөө өгөх төв, яаралтай тусламжийн төвүүд болон эмнэлгүүдэд хүний нөөц нь шавхагдаж байна гэсэн мэдээлэл үзэгдэх нь түгшүүр төрүүлнэ. Өөрсдөө өвдсөн эмч, сувилагч, асрагч нар хамгаалалтын хувцсаа өмсөөд улаан бүсдээ үлдэж, өөрсдийгөө болон өвчтөнөө эмчлэхээс өөр аргагүй байгаа тухай ч дуулдах юм. Монголын эрүүл мэндийн салбар сөхөрч байна. Эмч, сувилагч, асрагч нар ядарч туйлдаж байна. Тэд өөрсдөө бас өвдөж байна.
Монголд хэдэн хүн ковидоор өвдсөн тухай шинжилгээний үр дүнд үндэслэсэн мэдээллийг албаны хүмүүс нь өдөр тутам хэвлэлд мэдээлдэг ч, ердөө гуравхан цэгт хөдөө орон нутгийг зорьж буй хүмүүсээс л шинжилгээ авч байгаа учир өвдсөн эсэхээ мэдэхийн тулд 40-90 мянган төгрөг хувийн эмнэлэгт төлөөд шинжилгээ өгч чадахгүй тэдгээр хүмүүсийн хэд нь чухам өвдсөн байж болохыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Албаны тоо бол баталгаат цэгт хандсан эсвэл мөнгөө төлж шинжилгээ өгч чадсан хүмүүсийн л тоо.
Халдвар орон даяар тарсан учир аймаг бүрийн албан мэдээллийг фэйсбүүкээс харж, үзэж болж байгаа. Зарим аймгуудад халдвар цөөн, заримд нь улам бүр нэмэгдсээр буй өдрүүдийг бид хамтдаа туулж байна. Улаанбаатарт халдварын тоо цөөрсөн дүн ажиглагдаж байгаа ч ажилгүй хүмүүс, эмзэг бүлгийнхэн чухам хэдээрээ өвдөж байгааг хэлэхэд хэцүү өдрүүд үргэлжилсээр. Энэ бүхнийг яая гэж байхад цахим наадмын сураг гарч буй нь иргэдийг бухимдуулж байгаа нь илт.
Гэтэл цар тахлын энэ бэрх цагт монголчууд бид цахим наадам байтугай Ерөнхийлөгчийн сонгуулиа хийгээд, шинэ Ерөнхийлөгчөө сонгочихлоо шүү дээ. Өмнөх ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга халаагаа өгч, шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ажлаа аваад удаагүй байна. Түүний нээлтийн үгээ хэлэх анхны наадам цахимаар болж байгаа нь ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхэд нь нэг их хүндрэл учруулахгүй л болов уу.
Цахим наадам гэж юу болохыг бид өнгөрсөн жилийн наадмаар үзсэн. Тэрхүү наадмаас харахад, үзэгчгүй наадам гэдэг үнэхээр сүр сүлдгүй юм билээ. Үзэгчдийг төлөөлөн суусан жүжигчид наадмын уухайгаа найруулагчийн командаар жүжигчлэн хийж буй нь мэдрэгдээд, наадамчин олны халуун дулаан уур амьсгал үгүйлэгдээд, санаа дагаад ч тэр үү бөхчүүд нь хүртэл муу барилдаад байх шиг санагдсан. Морь, сур хоёр л арай дөнгүүр байсан даа.
Монгол Улс гэж байсан цагт наадам хийх нь гарцаагүй учир цахимаар ч болов наадаж уламжлал соёлоо дээдлэх нь зүйн хэрэг. Харин наадмын үйл ажиллагаанд оролцох хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж, масктай ч байсан халддаг дельта хувилбараас яаж сэргийлэх вэ гэдэг дээр л мэргэжилтнүүд толгойгоо ажиллуулах хэрэгтэй байх. Хурдан морины хүүхдүүд маск зүүгээд морь унаж уралдах юм бол амьсгалын дутагдалд орж болзошгүй хэмээн олон нийт эсэргүүцсэний үр дүнд өнгөрсөн жилийн наадмаар маскгүй уралдуулж байсан. Сур харвааны хувьд амьсгалаа хүртэл хуваарилан байж цэц мэргэнээ сорьдог тэд маань маск зүүвэл бас л хэцүү. Бөхчүүдийн хувьд нэгэнтэйгээ хамгийн ойр байж хүчээ үздэг учир эрсдэл нэн өндөр. Тэгэхээр PCR шинжилгээний хариугаар л наадамд оролцох эсэхийг шийдэж таарах нь хэмээн төсөөлж сууна.
Цар тахал боллоо гээд цахим наадмаа хойшлуулах, зуны дэлгэр цаг болж байхад хөл хорио тогтоон хөдөө явахыг хязгаарлах нь монголчуудын хувьд угаасаа биелүүлэх боломжгүй зүйл. Иймд иргэн бүр хариуцлагатай, ухамсартай байж дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг уриалах, ковидын дельта хувилбараас сэргийлэх зөвлөмж бүхий сурталчилгааг хэвлэлүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд түгээх, албаны хүмүүс ч бас энэ тухай тайлбарлаж таниулах, өөрсдөө үлгэрлэх, эмч мэргэжилтнүүд нийгмийн сүлжээгээр дамжуулан зөвлөгөө өгөх арга замыг эрэлхийлэхэд оройтоогүй байна.
Мөн цар тахал ихэслээ гээд бизнесүүдээ хумин дарамталж, юм л бол үйл ажиллагааг нь зогсоодгоо больцгооё. Социализмын үе шиг бүхнийг улс нуруун дээрээ тээж явдаг цаг өнгөрсөн шүү дээ. Хэдийгээр улсаас хэд хэдэн сайн арга хэмжээ авч ард түмнийхээ амьдралыг дэмжсэн ч, энэ нь түр зуур аргацаах хэмжээний дэмжлэг болохоос биш өдөр тутмын амьдралыг удаан хугацаанд авч явах хэмжээний дэмжлэг биш юм. Иймд халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллуулж болох бүхий л үйл ажиллагааг нээж, иргэддээ орлогоо нэмэгдүүлэх боломжийг нь олгоё. Халдвар авах эсэхэд хувь хүний хариуцлага, халдвар хамгааллын дэглэмээ баримталсан эсэх, мөн биеийн дархлаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг болохоос, аль нэгэн бизнесийн үйл ажиллагаанаас болж халдвар ихсээд байгаа хэрэг биш шүү дээ. Тэгээд ч энэ нь бизнесүүдийг дарамтлах шалтгаан ерөөсөө ч биш билээ.
Дэлхий нийтэд тулгамдаж буй олон асуудалтай Монгол ч бас нүүр тулж байна. Гадаад орнуудын цар тахалтай тэмцэж буй сайн туршлага, зохион байгуулалтын оновчтой арга барил, бизнесээ дэмжиж буй алсын хараатай бодлогуудаас нь суралцах боломж нээлттэй байхад, хөмөрсөн тогоон дотор байгаа мэт арга барилаар ажиллах нь илтэд анзаарагдах боломжтойг холбогдох албаны хүмүүс нь анхаарна биз ээ.
Цар тахлыг хамтдаа даван туулж, сайн цагийг авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байцгаая.