АН-ын удирдлагууд өнөөдөр /2021.10.02/ С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр АН-ЫН ДАРГА АСАН С.ЭРДЭНЭ хэвлэлийнхэнд хандаж:
-С.Зориг агсан монголын ардчиллын анхны лидерүүдийн нэг. Монголын ардчилсан холбооны анхны дарга,тухайн үеийн төр нийгмийн сор болсон улстөрч байсан. С.Зориг агсны хэргээр олон жил улс төрийн шоу, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйл явдал өрнөсөөр ирсэн. Үүний тод жишээ бол өчигдөр цацагдсан “Цензургүй яриа” нэвтрүүлэг байлаа.
Гурван шатны шүүхээр ял шийтгэл авсан этгээд олон нийтийн телевизээр эрээ цээргүй ярьж байгаад харамсч байна.
Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг илрүүлэх цаг хугацаа хангалттай байсан. 23 жил гэдэг бага хугацаа биш. С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын хэсгийг таван удаа тарааж хэргийг замхруулах гэсэн этгээдүүд өнөөдөр төрийн өндөр албан тушаалд заларч сууна. Сонгууль дөхөхөөр энэ хэргийг АН-тай холбож харлуулж, гүтгэх гэж оролддог. 2000 онд цагдаагийн дарга байсан хүн “АН байгаа цагт С.Зориг агсны хэрэг илрэхгүй” гэж хэлснийхээ дараа УИХ-ын гишүүн болж байв. Улс төрийн аллага гэхээр дан ганц С.Зориг бус монголын сор болсон эх орончдыг хэдэн мянгаар нь хөнөөсөн. Монголын зургаан Ерөнхий сайдыг харь оронд аваачиж буудаж хороосон. 10 гаруй мянган эх орончийг харь орны шоронд эрүүдэн шүүж хөнөөсөн.
Улс төрийн аллагын хариуцлагыг коммунист нам болох МАН хүлээх ёстой. Үеийн үед коммунистууд төр барьснаас хойш улс төрийн аллага хэвийн үзэгдэл болсон.
Үүнийг таслан зогсоох цаг болсон. Үнэхээр гэмт хэрэгтэн, захиалагч нь тодорхой юм бол гаргаад ир л дээ.