Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвегийн Осло хотноо үргэлжилж байна.
Тус тэмцээний -65 кг жинд зодоглосон Т.Тулга өчигдөр Энэтхэгийн Рохитыг 10-4 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ.
Өдгөө 23 настай тэрээр шөвгийн наймд Оросын Загир Шахиевтай барилдан 4-4 харьцаагаар эргэлзээтэй ялагдаад байсан юм.
Тус барилдааны шүүлтэд “техникийн ажилтны алдаанаас болж бид алдаа гарсан” гэж Дэлхийн бөхийн холбооноос тайлбарласан бөгөөд МЧБХ-ноос албан бичиг явуулж албан ёсны тайлбар хариулт хүсээд байсан юм.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс мөн тодорсон.
Манай улсаас 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул, эмэгтэйчүүдийн 62 кг-д Энхбатын Гантуяа нар өнөөдөр дагах барилдаан хийнэ.
Ө.Батзул Македоны Магомедгажи Нуровтой, Э.Гантуяа ОХУ-ын Алина Касабиеватай дагахад барилдах юм. Хэрэв манай бөхчүүд өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.
Харин ОУХМ Б.Батмагнайг ялсан ОХУ-ын Е.Жербаев хагас шигшээд Киргизийн Э.Ахматалиевт, Э.Сумъяаг ялсан ОХУ-ын О.Хорашевцева Японы Ц.Сакүрайд ялагдсанаар манай бөхчүүд тэмцээнээ өндөрлүүлэв.
Эх сурвалж: МЧБХ