МҮОХ-ны сонгуулийн комиссын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн ажлаа өгсөн тул арваннэгдүгээр сарын 30-нд болох байсан МҮОХ-ны чуулган, ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлууллаа.
Тодруулбал, МҮОХ-ны удирдах зөвлөлд байгаа нэр бүхий төлөөллүүд комиссын гишүүдийг хорооны удирдлагуудаас хараат байж болох нөхцөл байна гэсэн гомдол ирүүлжээ.
Улмаар комиссын гишүүд өөрсдөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж өргөдлийг хүлээн авсан байна. Улмаар МҮОХ-ны дүрмийн дагуу хорооны ээлжит бус хурлыг зарлах тогтоол гаргасан талаар МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар хэллээ.
Дүрмийн дагуу сараас доошгүй хугацаанд хурлыг зарладаг тул МҮОХ-ны ээлжит бус хурал арванхоёрдугаар сарын 20-нд товлогджээ.
Арванхоёрдугаар сарын 20-нд болох хурлаар сонгуулийн комиссыг сонгож, МҮОХ-ны чуулганы товыг гурван сараас доошгүй хугацаанд товлох аж.
Дүрмийн дагуу чуулган гуравдугаар сарын 20-ноос хойш болох боломжтой. Өөрөөр хэлбэл өвлийн олимп дуустал МҮОХ албан ёсны ерөнхийлөгчгүй байх юм.
Сонгуулийн комиссын гишүүдийг наймдугаар сард болсон хурлаар баталсан бөгөөд гурван хүний бүрэлдэхүүнтэй байв.
Сонгуулийн комиссгүй тул сонгуулийг явуулах боломжгүй. Комиссын гишүүдийг МҮОХ-ны гишүүдийн хурлаар зарладаг. Гишүүдийн хурлаар МҮОХ-ны чуулганыг гурван сарын дараа зарлах учиртай. Чуулганаар ерөнхийлөгчийг сонгодог дүрэмтэй.