Өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаараа Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн тухай авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталж, хувьчлалыг хүчингүй болгосон.
Түүнчлэн өнөөдөр өглөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хуралдсан. Тус хуралдаануудаас гаргасан шийдвэрийн талаарх мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өглөө. Тэрээр “Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хорооны хурал сая болж өндөрлөлөө. Хорооноос тогтоол гаргасан. Тодруулбал, 2015 онд УИХ, Засгийн газрын шийдвэр гарсны дараа ТӨБЗГ-ын шийдвэр гарч өмч хувьчлалын холбогдох шийдвэрийг гаргасан байсан. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрийг өнөөдөр ТӨБЗГ хүчингүй болгож байна. Ингэснээр Засгийн газрын тогтоол бүрэн утгаараа хэрэгжиж, хувьчлалын үйл ажиллагааг цуцалж байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнтэй уялдуулан зарим зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авахаар тогтоолд тодорхой зааж өгсөн. Хэвлэлийн хурлын дараа Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажлын хэсэг ажиллана.
Хөтөлийн цемент, шохой үйлдвэр 1983 онд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж байсан. 2001 онд хувьцаат компани болгож өөрчлөн байгуулж байсан бол 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр тухайн үеийн ЗТБХБ-ын сайд болон Төрийн өмчийн хороон даргын хамтарсан тушаал гарч, төсөлд оролцох хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Улмаар нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндэсний хөрөнгө оруулагч “Бейзмент” ХХК-ийн санал илүү байна гэж үзээд шалгаруулжээ.
Үүнээс гурав хоногийн дараа дээрх компанитай 10 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ ажил гэрлийн хурдаар зохион байгуулагдсан. Ингээд “Бейзмент” ХХК төсөл хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын … компанитай хамтарч ажилласан. Төслийг хэрэгжүүлэхэд өөрийн эх үүсвэр болон тухайн үеийн “Улаанбаатар” банк, “Худалдаа хөгжлийн банк”-аас 39.5 сая ам.долларын зээл авч, хэрэгжүүлсэн. Ингээд 2014 онд үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажил дуусаж, ашиглалтад орсон. Ингэснээр Монгол Улсад хуурай аргаар цемент үйлдвэрлэх үйлдвэрийн шугам ашиглалтад орсон. 2015 онд хувьчилсан. 2015 онд хийсэн өмч хувьчлал буруу байсныг залруулж, алдагдсан өмчөө төр буцаан авч байна.
Төсөл хэрэгжүүлэгч компани 61.9 сая ам долларын санхүүжилтээр төсөл хэрэгжүүлсэн. Харамсалтай нь төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлээ төлөөгүй. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк болон бусад банкуудын зээл болон зээлийн хүү, алданги нийлээд 355 тэрбум төгрөгт хүрсэн. Хэдийгээр өчигдөр шийдвэр гарсан хэдий ч бэлтгэл, судалгааны ажил урт хугацаанд үргэлжилсэн. АТГ болон бусад хууль хяналтын байгууллага хамтарч ажиллаж байна.
Хөтөлийн үйлдвэрийн гол худалдан авагч нь Эрдэнэт үйлдвэр бөгөөд хамгийн оргил үедээ 500 мянган тонн цементийг үйлдвэрлэж байсан. Хөтөлийн цемент шохойн компани Хөгжлийн банкнаас үлэмж хэмжээний зээл авсан. Энэ зээл эргэн төлөгдөөгүй. Энэ үйлдвэрийн удирдлагууд өрийг төлөх боломж бүрэн байсан ч өр төлөх хүсэлгүй байсан ба цаана нь ямар шалтгаан байсныг хуулийн дагуу тодруулах байх” гэлээ.