Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эдгээр хуулийн төсөлд тусгагдсан заалтуудаас онцлон танилцуулав. Тэрбээр “УИХ дөрөв, дөрвөн жилд төр өөрийн эрхэлбэл зохих бизнесийн төрөл жагсаалтыг гаргадаг. Энэ орчинд төрийн болон орон нутгийн өмчит компаниуд үйл ажиллагаа явуулж, бусад тохиолдолд хязгаарлах зохицуулалт орж байгаа. Мөн төр заавал хувьцаа эзэмшилгүйгээр өөрийн бодлого төлөвлөлтөө хэрэгжүүлэхийн тулд зарим төрийн болон орон нутгийн өмчит компанид алтан хувьцаа эзэмших замаар төлөөллийн эрхээ шилжүүлэх зэрэг орж байна.
Цаашид төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг ашгийн төлөө, ашгийн бус ангиллаар хуваана” гэлээ.
“Бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй”
Түүнчлэн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг чухал хуулийн төсөл нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.
Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэгээхэн хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийн бодлогыг чангатгах юм. Тухайлбал,
- хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж,
- Эрүүгийн хуулийн 22.1-ийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ялыг оногдуулахгүй,
- авлига албан тушаалын гэмт хэрэгт хэрэг хялбаршуулсан журмаар шийдэхийг хасаж байгаа,
- халдашгүй эрхтэй албан тушаалтан гэж бий, энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг нь уртасгаж байгаа
- нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 20 жилээр хасна зэрэг байна.
Хурдан шийдэх хэрэгтэй тул авлига албан тушаалын гэмт хэргийг аймаг, нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн журмаар шийдэхээр тусгаж байна. Үндсэндээ хоёр шатаар шийдэж дуусгадаг болно” гэсэн юм.
Мөн Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн явцад зарим гэмт хэрэгт оноох ял хөнгөдөж байна гэж үзжээ. Иймд 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон хүнийг торгохгүйгээр хорих шийтгэл оноодог байхаар тусгажээ.
Уг хуулийн төсөлд мөн өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулжээ.
Үүний зэрэгцээ хулгайн гэмт хэргийг хохирлын хэмжээнээс хамаарч Зөрчлийн эсвэл Эрүүгийн хуулиар шийтгэдэг байсан бол жижиг, том гэж ялгалгүй эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан байна.