ОХУ-ын нийслэл Москва хотод Иван Поддубныйгийн нэрэмжит чөлөөт бөх мэргэжлийн лигийн тэмцээн болж байна. Тус тэмцээнд Б.Баттулга дасгалжуулагчтай Монголын тамирчид оролцож буй.
Гэтэл өнөөдөр чөлөөт бөхийн +125 кг жинд барилддаг Монгол Улсын шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэлийг Оросын хүнд жингийн бөх Ацамаз Теблоев нүүрэнд нь цохиж зүй бус үйлдэл гаргажээ.
Ацамаз Теблоев Монголын бөхтэй таарсан сүүлийн хоёр ч учраандаа ялагдаад байсан бөгөөд түүндээ хорссондоо ийм үйлдэл гаргалаа хэмээн дасгалжуулагч нар үзэж байна.
Улмаар түүнийг Оросын шигшээ баг болон тэмцээнээс хассан гэж Оросын дасгалжуулагч Жамболат Тедеев хэлж уучлал гуйжээ.
Орос-Украины дайны улмаас Орост болж буй тэмцээнийг Монгол болон Дэлхийн бөхийн холбооноос дэмжээгүй ч хориглоогүй. Улмаар монголын бөхчүүд хувийн зардлаар тэмцээнд оролцож байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд 6 тамирчин хүрэл медалийн төлөө барилдсанаас дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртжээ. Тодруулбал,
- -50 кг-ын жинд Д.Отгонжаргал,
- -55 кг-д Э.Сумъяа,
- -57 кг-д Х.Болортуяа,
- -72 кг-д Э.Даваанасан нар хүрэл медаль хүртсэн байна.
Маргааш шөнийн 00:00 цагт чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд болон сонгомол барилдааны бүх жингийн алтан медалийн төлөөх барилдаан болох бөгөөд манай 5 бөх олимпын жинд финалд шалгарчээ. Үүнд:
- Эмэгтэй -53 кг-д олимп дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа
- Эмэгтэй -68 кг-д Азийн аварга З.Болортунгалаг
- Эмэгтэй -76 кг-д ОУХМ Г.Ариунжаргал
- Эрэгтэй -65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга
- Эрэгтэй -125 кг-д ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл нар багтаж байна.