Биеийн тамирын хичээлд хүүхдүүдийг амны хаалттай хичээллүүлж байгаа эсэхэд Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр “Он гараад КОВИД-19-ийн тохиолдлын тоо буурч, сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэх болсонтой холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн орчинд амны хаалтгүй хичээллэж болох эсэх талаар БЕГ Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн даргад бичиг явуулж, зөвлөмж авсан.
Үүний дагуу БЕГ гуравдугаар сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээл, дугуйлангуудыг амны хаалтгүй хичээллүүлнэ гэх албан бичгийг улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгт хүргүүлсэн.
Гараад буй мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн бүх биеийн тамирын багш нарыг дүүргээр бүлэглэж, аймгуудын Боловсрол, Шинжлэх Ухааны Газраас сурагчдыг амны хаалтай хичээллүүлж байгаа эсэх талаар болон гарч буй хүндрэлийн талаар мэдээлэл авсан.
Ингэхэд биеийн тамирын багш нар болон удирдлагууд, ялангуяа орон нутагт амны хаалтгүй хичээллэж хэвшсэн, томуугийн дэгдэлт гарах үеэр ханиад хүрсэн хүүхдүүд амны хаалт зүүж байгаа гэх тайлбарыг өгсөн” гэлээ.