Норвегийн нийслэл Ослод зуны амралтаа өнгөрүүлэхээр ирсэн жуулчдын дунд 600 кг жинтэй, залуу далайн морь ч бий.
Хотын иргэд түүнийг Скандинавын хайрын бурхны нэрээр, Фреяа гэж нэрлэжээ. Энэ далайн морийг завь руу авирахаар оролдож, наранд биеэ шарж байхад нь олон хүн харсан байна.
Тэрээр анх 2019 онд Тромсо, Финмарк голын эрэг дээр үзэгджээ. Дараа нь Их Британи, Голланд, Данид байсан талаар мэдээллүүд ирсэн байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлснээр далайн морь Хойд туйлд амьдардаг. Дэлхийн дулаарлын улмаас амьдрах орчин нь өөрчлөгджээ. Уг нь тэд мөстэй усанд зуныг өнгөрөөдөг байна.
Фреяа өмнөдийг зорин зургадугаар сард иржээ. Тэрээр Норвегид хэдийнэ “алдартай” болсон ч түүнтэй таарсан зарим хүн санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа серфчид түүнийг холдуулах шаардлага тавьсан ч Норвегийн Загас агнуурын газраас “Энэ далайн морь эрүүл. Тэр хүссэн газартаа байх эрхтэй. Гэхдээ иргэдэд түүн рүү хэт ойртохгүй байхыг зөвлөе. Сэлж байхдаа анхааралтай байна уу. Түүн рүү ойртоогүй бол аюулгүй, ойртвол дайрах эрсдэлтэй. Тэр харагдаж байгаа шигээ удаан, болхи биш” гэжээ.
Эх сурвалж: BBC