Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах ажил наймдугаар сарын 12-ноос эхэлнэ гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар хэллээ.
Тэрбээр “Ирэх Баасан гарагт Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг эхлүүлэхээр боллоо.
Инженерийн дэд бүтэц, ажлын зураг гарсантай холбоотойгоор энэ жил 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Иймд эхний инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэнэ. Тодруулбал, онгоцны буудлын урд талын таван худгаас төлөвлөлтийн дагуу цэвэр усны шугам сүлжээний ажлыг эхлүүлж байна.
Эдгээрийг хийж гүйцэтгэгч компаниуд нь шалгарсан тул ажил наймдугаар сарын 12-нд буюу Баасан гарагт эхлэх юм. Мөн 2023 оны улсын төсөвт уг ажилд 200 гаруй тэрбум төгрөгийг суулгах асуудлыг үе шаттай ярьж байгаа.
Түүнээс гадна, Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил 10-20 жил хийх төлөвлөлтөөр байгаа гэдгийг хэлье” гэв.
“Хөшигийн хөндийд дунджаар 150,000 хүн амьдрах боломжтой”
Үргэлжлүүлэн “Ундны устай холбоотойгоор Хөшигийн хөндийд дунджаар 150,000 хүн амьдрах боломжтой гэж үзэж буй. Төлөвлөлтийн гол үндэс нь ажлын байр бөгөөд аялал жуулчлал, соёл, спортод тулгуулсан үйлдвэрүүд болон тээвэр ложистикийн ажлын байр байна гэж төлөвлөлтөө батлуулсан.
Эхний ээлжид 35,000 хүн байх “Шинэ Зуунмод” хотын онгоцны буудал орчимд цэвэр усны шугам сүлжээг хийнэ. Мөн онгоцны буудал явах замд 28 метр куб бүхий цэвэрлэх байгууламжийг барина. Сонсголонгоос татах 220 болон 110 мегаваттын цахилгааны шугамуудыг хийж байгуулна.
Ингээд дэд бүтцийн ажил хийгдэхийн хэрээр төр захиргааны болон хувийн хэвшлийн барилга байгууламжийг барих ажил ирэх жилээс үе шаттай хийгдэнэ” хэмээв.