Ардчилсан Намын дэд дарга Ч.Отгочулуу үнийн өсөлт эрх баригчдын бодлогын алдаанаас шалтгаалж байна хэмээн шүүмжлэв.
Тэрбээр “Хууль зүйн сайд эдийн засгийн 90 хувийг уул уурхай бүрдүүлдэг гэж хэлсэн. Уг нь бол 20 хувь юм. Сайд нар эдийн засгийн суурь мэдлэггүй, энгийн ойлголтгүй учир бодлогын алдаа гаргаж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 онд МАН-ыг ялуулахын тулд төрд орж ирлээ, төрийн төсөв нөөцийг үүнд чиглүүлнэ гэсэн утгатай үг хэлсэн.
Энэ бол маш том алдаа. Эдийн засгийг хямралаас гаргахын тулд хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчээ дэмжих ёстой. Ингэж хэлж байгаагаас үзэхэд 2024 оны сонгуулийг угтсан популист бодлого явуулах юм байна.
Өнөө л нэг нийгмийн халамжийн бодлого үргэлжлэх нь. Хэрэглэгч нар илүү зардлаар амьдарч, ажлын байр ховордоно. Төсвийг ил тод хэлэлцэх хэрэгтэй. Хэнтий аймагт яагаад хэдэн зуун тэрбум төгрөг төсөвлөөд, Толгойт, Дамбадаржаад амьдарч байгаа хүүхдүүдийн сургуулийн мөнгийг хасаад байгаа юм бэ?” гэлээ.