Оросын Холбооны Улс/ОХУ/ цэргийн дайчилгаа зарласнаас хойш нэг хоногийн дотор Хиагт-Алтанбулаг боомтоор манай улсад нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо өмнөх өдрөөсөө гурав дахин нэмэгджээ.
Тодруулбал, тус улсын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр цэргийн дайчилгаа зарласан бөгөөд үүнээс хойш тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, тэр дундаа Монгол руу нэвтрэх гэсэн орос иргэд хилийн боомт дээр урт дараалал үүсгэсэн тухай өмнө нь мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хоногт хэчнээн ОХУ-ын иргэн хилээр нэвтэрсэн тухай Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “Өчигдрийн байдлаар буюу есдүгээр сарын 22-ны 08:00 цагаас есдүгээр сарын 23-ны 08:00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор ОХУ-ын 830 иргэн орж ирсэн бол 137 иргэн буцаж гарсан” гэлээ.
Үүнийг өмнөх буюу есдүгээр сарын 21-ний өдөртэй харьцуулахад 569-өөр буюу гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Учир нь Алтанбулаг боомтоор есдүгээр сарын 20-ны өдөр ОХУ-аас 263 иргэн орж ирсэн бол 585 иргэн буцаж гарсан. Харин есдүгээр сарын 21-22-ны өдрийн 08:00 цаг хүртэл 261 хүн хилээр орж ирж, 643 хүн эргэн гарсан гэх тоон мэдээллийг албаныхан хэлж байв.
Гэхдээ дээрх иргэдийг дайнаас дүрвэсэн иргэд гэж нэрлэх боломжгүй. Учир нь Монгол Улсын тухайд ОХУ-ын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог тул хилийн боомтуудаар орж ирж буй ОХУ-ын иргэд нь албан ёсны бичиг баримттайгаа, хуулийн дагуу хил нэвтэрч байгааг ХХЕГ-ын албаны эх сурвалж онцоллоо.
Өөрөөр хэлбэл, “Цахим орчинд яригдаж байгаа шиг ОХУ-ын иргэд хилийн бус зурвасаар, хууль бусаар хил нэвтрэх гэж бөөгнөрөл үүсгээгүй. 30 хоногийн хугацаанд Монгол Улсад зорчих бүрэн эрхтэй ОХУ-ын иргэд хил нэвтэрч байгаа” гэлээ.
Мөн Алтанбулагаас бусад боомтоор нэвтэрч буй ОХУ-ын нийт иргэдийн тоог авч үзвэл өмнөх хоногоосоо таван хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 15-21-ний хооронд Алтанбулаг авто замын боомтоор 1,389 иргэн орж ирсэн бол 2,585 иргэн буцаж гарсан нь цар тахлаас өмнөх үетэй харьцуулахад хэвийн хэмжээ гэдгийг хэллээ.