Цар тахлын дараах эдийн засгийн уналтад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгчид голдуу өртсөн. Улсын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж, амьдардаг нийслэлийн энэ салбар ямар өнгө төрхтэй байгаа талаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа.
Тэрбээр, “Хөдөлмөрийн зах зээл буюу юухнаар ч болов юм хийгээд бүтээгээд сууж байгаа бэлэн хүний нөөц байна. Төр менежерийн үүргээ сайн гүйцэтгээд олон улсын зах зээлд магадгүй Тоёота үйлдвэрт монгол арьсаар хийсэн рульны бүрээс нийлүүлэх гэрээг хийх ч юм уу, эсвэл H&M, Zara дэлгүүрүүдэд эсгий гутлаа нийлүүлэх гэдэг ч юм уу жаахан бодлогын дэмжлэг үүсгэхэд л үйлдвэрүүд маань кластерт шилжин, түүхий эдээ нөөцлөхөөс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргах бүх шат дамжлага нь стандарт хангаад, ингээд бид жаахан хичээхэд олон боломжууд байгаа гэж хардаг.
Саяхныг хүртэл дээлний хэрэглээ зөвхөн Цагаан сар, Наадмын үеэр л байсан бол одоо өдөр тутамдаа бид өөрсдийн хийсэн хувцсыг өмсдөг болсон байна шүү дээ.
Манай нийслэлээс зарладаг шахмал түлшний шуудай үйлдвэрлэх тендерт 1000 оёдолчныг нэгтгэсэн кластер үйлдвэр оролцоход л 11 тэрбум төгрөг гадагшаа урсахгүй юм даа. Монгол Улсын урт хугацааны бодлогын бичиг баримт “Алсын хараа 2050”-ийн хамгийн том зорилтыг ганцхан өгүүлбэрээр илэрхийлбэл, Чинээлэг дундаж давхаргыг л бид бий болгоноо л гэж зорьсон байдаг.
Орлоготой, ажилтай, эрүүл монгол хүн гэдэг нь чинээлэг дундаж давхарга юм.
Тийм болохоор бид бүхэн хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг бүрдүүлж байгаа ЖДҮҮ салбарынхнаа дэмжиж, зөв чиглүүлж, эдийн засгийн голлох салбар болгон хөгжүүлэн, цаашлаад экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүнүүдээр дэлхийд Монгол гэсэн нэрээ гаргах явдал” гэв.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН