УИХ дахь АН-ын бүлэг эрх баригч МАН-аас 2020 оны амлалтын хэрэгжилтийг шаардаж байна.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Улсын төсвийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, ашигтай ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Дараа нь МАН 2020 онд эдийн засгийн тухайд ямар амлалт өгч байсан, хэрэгжилт нь одоо ямар байгаа талаар мэдээлэл солилцсон.
Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл энэ төслийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Тус төсөл Хөгжлийн банканд 150 тэрбум төгрөгийн өртэй. Яг үйлдвэрийн ажил одоо хүртэл эхлээгүй. ТЭЗҮ нь хүртэл батлагдаагүй. Мега төсөл нэртэйгээр улс орныг өрөнд оруулах томоохон төсөл цаана бойжиж байна. 150 мянган ажил байр шинээр бий болгоно гэсэн. Харин энэ ажлын байрыг Солонгосчууд бий болгож байна. Визний шаардлага хангавал залуучууд гадаад руу дүрвэхийг хүсэж байна. Өнөөдөр залуучууд ажиллангаа ядуурдаг тогтолцоо бий боллоо. Ирээдүйн өв санд энэ жил орох ёстой 1.5 их наяд төгрөгийг улсын төсвийг нөхөхөд зориулж байгаа.
Хөдөө аж ахуйтай холбоотой олон амлалт бий. 150 мянган тонн мах экспортолно гэсэн нь хаана байна вэ? Хоёр мянган тонн ч хүрэхгүй мах энэ онд гарсан. Махны үнэ унаж, малчид орлогогүй болсон. Үүний цаана маш олон амлалт байгаа. Бид бүхэн нэхэж ажиллана” гэлээ.