Афганистанд эмэгтэйчүүдийг фитнес клубээр үйлчлүүлэхийг хориглох шийдвэр гаргаснаа Талибаны засгийн газрын төлөөлөгч өчигдөр мэдэгджээ.
Талибанчууд 2021 оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхийг авснаасаа хойш эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан олон шийдвэр гаргаад байгаа.
Тухайлбал охидыг дунд болон ахлах сургуульд сургахыг, эмэгтэйчүүдэд ажил хөдөлмөр эрхлэхийг хориглож, олон нийтийн газарт явахдаа заавал нүүр болон бүх биеэ халхалсан хувцас өмсөхийг шаардах болсон.
Сарын өмнө Кабулын соёл амралтын хүрээлэнд эмэгтэйчүүд эрчүүдээс тусдаа үйлчлүүлэх журам нэвтрүүлж байжээ.
Эрх баригчид сүүлийн 15 сарын турш соёл амралтын хүрээлэн, фитнес клуб зэрэг газруудад хүйсээр тусгаарлан үйлчлэх журмыг хэрэгжүүлэх гэж хичээсэн ч үр дүнд хүрээгүй тул ийнхүү эмэгтэй хүн үйлчлүүлэхийг бүрмөсөн хориглохоос өөр аргагүйд хүрснээ Талибаны засгийн газрын Уламжлал, Ариун Ёс Журмын яамны хэвлэлийн төлөөлөгч Акеф Мохажер тайлбарласан байна.
“Харамсалтай нь журмыг ихэнх нь мөрдөхгүй байгаа тул бид эмэгтэйчүүдэд үйлчлэхийг хориглохоос өөр аргагүй боллоо. Ихэнх тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт явж, хижаб ч зүүхгүй байна” гэж тэр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Энэ долоо хоногоос эхлэн мөрдөгдөх журмын хэрэгжилтийг хатуу хянахыг тэр бас анхааруулсан юм.
Өчигдөр Кабулын зарим фитнес клубт Талибаны албаныхан ирж, үйлчлүүлж байсан эмэгтэйчүүдээс явахыг шаардсан тухай гэрчүүд мэдээлжээ.
Бас Кабулын соёл амралтын хүрээлэнгийн тоглоомууд зогссон нь үйлчлүүлэгч цөөрсөнтэй холбоотой гэнэ. Эмэгтэйчүүдэд тавьсан хориг давхар хүүхдүүдэд нөлөөлснөөс үйлчлүүлэгчийн тоо эрс багассан тухай ажилтнууд нь ярьж байна.
Афганистан дахь НҮБ-ын тусгай элч Алисон Дэвидян “Энэ бол эмэгтэйчүүдийг нийгмээс тусгаарлах арга хэмжээг Талибаны дэглэм системтэй хэрэгжүүлж буйн илрэл юм. Бид эмэгтэйчүүд, охидын бүх эрхийг буцаан сэргээхийг Талибанчуудад уриалж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera