Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт буй “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч, нэг хүн амь эрсэдсэн талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлжээ.
2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатсан. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэдний нэгийг галаас гаргаж, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Нөгөө хоёр иргэн олдохгүй байгаа. Амьд үлдсэн байх найдвар маш бага гэж мэдээлжээ.
Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Гэхдээ шатахууны агуулах шатсан учир амархан унтрахааргүй. Галын унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа Дархан руу хөдөлжээ.
Шатаж буй нөөцийн савны зэргэлдээ байгаа савууд улайлт үүссэн. Ихэнх нь 80 хувийн дүүргэлттэй учир гал авбал аюул үүсэх нөхцөл байдалтай байгаа аж.
Галын шалтгааныг мэргэжлийн байгууллага гал унтарсны дараа тогтооно. Одоо бол галаа унтраах л чухал байна гэж Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгджээ.