УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, Эдийн засгийн шинэчлэл сэдвээр мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд багц хуулиудийг баталж хэрэгжүүлнэ. Үүн дотор Үндэсний баялгийн сангийн тухай хууль бий. Өнөөдөр жагсагчид, тэмцэгчдийн зүгээс Монгол Улс ийм их баялагтай мөртлөө ард түмэн яагаад ядуураад байна гэдэг зүй ёсны шаардлага тавьж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг ойрын үед хэлэлцэн шийдвэрлэнэ.
Үндсэн хуульд Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа жинхэнэ эзэн нь байж үр өгөөжийг нь хүртэх ёстой гэж заасан байдаг. Бүх баялагт ард түмний хяналт тогтоох ёстой. Нүүрсний хулгай доор олборлолт, гэрээ, тээвэрлэлт, хөрс хуулалт, хил гааль зэрэг бүх шатанд авлига байна. Иймээс энэ асуудлыг цогцоор нь харж, шийдэх хэрэгтэй. Олон нийтийн хяналтад ил тод байж бүх шатны хулгайтай тэмцэнэ.
Мөн Авлигатай тэмцэх багц хуулийг батална. Үүнийг баялгийн хулгайтай тэмцэх багц хууль ч гэж хэлж болно. Зөвхөн нүүрс биш Монгол Улсын баялаг хэний ч хууль бусаар эзэмших, хулгайлах хэрэгсэл байх ёсгүй. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Энэ дагуу УИХ-ын нээлттэй сонсгол зарлана. Нээллтэй сонсгол хүртэл 14 хоногийн хугацаа өгнө. Залуучууд энэ хугацаанд өөрсдийн шаардлагаа боловсруулаххэрэгтэй. Нээлттэй сонсголоор нүүрсний үнийн зөрүү, 3,2 сая тонн нүүрс зөрсөн гэх асуудлыг ард түмэнд нээлттэй болгоно. Оролцогч байж болох бүх хүмүүсийг гэрчээр дуудна” гэлээ.