Шадар сайд С.Амарсайхан болон НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра бусад албаныхантай хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийхээр Архангай аймгийн зарим сумдад ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Өгийнуур сумын Өгий багийн малчин өрхүүдээр ажиллалаа.
Тус багийн малчин Р.Оргилбулагийнх 2000 гаруй малтай. Өнгөрсөн өвөл урд урдны жилүүдээс илүү хүйтэрснээс өвөлжилт хүндэрсэн талаар түүний гэргий Ц.Алтанзул хэлж байлаа. Гэсэн ч өнгөрсөн намар өвс тэжээлээ хангалттай бэлдэж авсны хүчинд малын хорогдолгүй, хатуу өвлийг өнтэй давсан гэнэ.
1000 орчим төл хүлээж авахаас өнөөдрийн байдлаар 600 гаруй төл хүлээж авч, төл малын бойжилт сайн байгааг хэллээ.
Р.Оргилбулаг “Малын арьс, шир, түүхий эд бүтээгдэхүүн үнэгүйдсэнээс малчдын амьдрал жил ирэх тусам доройтож байна. Малын түүхий эд үнэгүйдэхийн хэрээр малчид малынхаа тоог өсөж байна. Энэ нь Монгол орон даяар бэлчээрийн даац хэтрэх, ургамлын гарц доройтох зэрэг олон сөрөг үр дагаварыг дагуулж байна. Иймээс төр засгаас малын мах эксдортлох, дайвар бүтээгдэхүүнүүдийг өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох талаас анхаарч ажиллавал малчдын амьдралд дэмтэй байна” гэлээ.