/МОНЦАМЭ/. “Казах түмний өв соёлын өдрүүд” үйл ажиллагаа 2023 оны 8 дугаар сарын 9-10-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын төвд болно.
Баруун бүсийн хөгжлийн түүчээ Ховд аймагт захчин, өөлд, казах, дөрвөд зэрэг 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байгаа бөгөөд угсаатан бүр өөрийн өв соёл, уламжлалаараа ялгардаг.
Өнгөрсөн онд Ховдынхон дөрвөд, урианхай, захчин угсаатны өв соёлыг сурталчлах наадам зохион байгуулж байсан бол энэ жил казах угсаатны өв соёл, ёс уламжлал, зан заншил, язгуур урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилт дэвшүүлжээ.
Энэ үеэр тулам булаалдах, зоос шүүрэх тэмцээн, морин дээрх барилдаан, 100 домборчны чуулга тоглолт, тэмээн нүүдэл, бүргэдийн үзүүлбэр зэрэг казах угсаатны соёлын олон талт үйл ажиллагаа өрнөнө.
Өв соёлоо эрхэмлэн дээдлэгч иргэдийг “Казах түмний өв соёлын өдрүүд” үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна. Тус үйл ажиллагааны зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн ажлын алба, Ховд сумын ЗДТГ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Соёл урлагийн газар хамтран ажиллаж буй.
Сонирхуулахад, 2023 оны байдлаар Ховд аймагт Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 836 хүн бүртгэлтэй байна. Үүнээс 41 өвлөн уламжлагч нь Ховд суманд бий.