Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр орой болтол хуралдаж нэг тэргүүн дэд дарга, 15 дэд дарга, ҮБХ-ны Тамгын газрын дарга нараа томилов.
Намын дарга Л.Гантөмөр дэд даргаараа С.Баярцогтыг, ҮБХ-ны Тамгын газрын даргаар С.Батзаяаг, 15 дэд дарга томилохоор нэрсийг нь танилцуулж, ҮБХ баталгаажуулсан юм. Харин намын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадалгүй ҮБХ-ны хурлаа тодорхойгүй хугацаагаар завсарлуулав. Учир нь өчигдөр хурал эхлэхэд л фракцууд генсекийн томилгоон дээрээ санал нэгдэж чадаагүй. Тиймээс өчигдрийн ҮБХ-ны хурлын хэлэлцэх асуудалдаа ч оруулаагүй бөгөөд эхний ээлжид ҮБХ-ны гишүүдээ баталгаажуулаад, тохирч чадсан томилгоонуудаа хийхээр санал нэгдсэн. Үүний дараа ҮБХ-г дахин хуралдуулж генсекийн асуудлыг дахин ярихаар тохиролцжээ.
С.Баярцогтыг генсекээр томилно гэсэн мэдээлэл гарсан ч түүнийг олон нийтийн дэмжлэггүй гэж үзсэн учраас тэргүүн дэд даргаар томилохоор тохирсон. Гэхдээ тэргүүн дэд дарга бол эрх мэдэл, хийх ажил бага албан тушаал. Сонгуулиар л жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэнэ. Намын даргаас гадна “гол тогоо”-г барьдаг, баздаг албан тушаал бол намын Ерөнхий нарийн бичгийн дарга.
АН-ын өчигдрийн томилгоог харахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын нам дахь эрх мэдэл хэвээр байгааг харж болно. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, ҮБХ-ны Тамгын газрын даргаар С.Батзаяаг, дэд даргаар Ч.Өнөрбаяр нарыг томилуулжээ. Тиймээс түүнд генсект хүнээ томилуулах боломж үлдээгүй болов уу. Гэхдээ тэрээр С.Эрдэнэболдыг генсек болгоно гэж улайрч байгаа гэх. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга дэд даргаар өөрийн таван хүнийг томилуулсан. Тиймээс генсект өөрийн хүнээ томилуулахаар улайрна. Тэрээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг генсекээр томилуулна гэж дайрч намынхныгаа баахан сандаргаад авсан гэнэлээ. АН яаж ч доошоо орлоо С.Ганбаатарыг генсекээр томилохгүй. Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд, МҮДН, Шонхор фракцаас ч дэд даргад хүнээ томилуулж чадсан. Олон фракцтайн хэрээр олон дарга томилж, эрх ашгийг нь тэнцвэржүүлэв. Эрх мэдэл тэнцвэржинэ гэхээс илүү намдаа өөрийн нэр, нөлөөгөө алдахгүй гэсэн ах нарын шуналаас болж АН 15 дэд даргатай болов.
Харин ҮБХ-ны дараагийн хурлаар генсекээ томилно. Фракц бүр өөрийн хүнээ генсек болгох гэж улайрна. Үүнийг л эвтэйхэн шийдчихвэл АН сонгуулиас өмнө эвээ олж, өнгөрсөн найман жилийн үнэмлэхүй ялагдалдаа цэг тавих боломжтой болно биз ээ.