Дотоодын бензин шатахууны үнийн өсөлтийг зогсоохын тулд ОХУ-ын засгийн газар өнгөрсөн долоо хоногт экспортын түр хориг зарлаж байв.
Гэсэн хэдий ч бензин, дизель түлшний үнийн өсөлт зогсохгүй байна. Мягмар гарагт Оросын зах зээлд шатахууны жижиглэнгийн худалдаалах үнэ дээд цэгтээ хүрсэн юм.
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дотоодын үнэ ханшийг тогтворжуулах шуурхай арга хэмжээ авахыг засгийн газартаа даалгажээ.
“Та бүхний санал болгож буй арга хэмжээнүүд үр дүнд хүрнэ гэдэгт би найдаж байна” гэж хэлсэн тэрбээр газрын тос олборлогч компаниудтай илүү нягт хамтран ажиллахыг засгийн газартаа зөвлөсөн байна.
“Бид тэдэнд болгоомжтой хандах ёстой. Гэсэн хэдий ч өрнөж буй үйл явдалд илүү хурдан шуурхай хариу арга хэмжээ авахыг би та нараас хүсэж байна” гэж Путин засгийн газрын хуралдааны үеэр хэлжээ.
Рублийн ханш суларч, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн, боловсруулах үйлдвэрүүдийн засварын ажил нийлүүлэлтээ хязгаарлаж байгаагаас бензин шатахууны үнэ өссөн гэж шинжээчид дүгнэж байгаа.
Оросын зарим бүс нутгийн тариаланчид хөдөө аж ахуйн машин техникт шатахуун хүрэлцэхгүй болсны улмаас ургацаа хурааж чадахгүй байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Бензин шатахууны үнэ өсөхтэй зэрэгцэн Оросын төв банк 2023 оны хоёрдугаар хагаст эдийн засгийн өсөлт саарч, инфляцын хэмжээ зорилтот 4 хувиас давах төлөвтэй байгааг мэдэгдсэн юм.
Эх сурвалж: AFP