УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийжээ. Тус намаас ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн долоон жилийн хугацаанд байгуулсан ТЕГ-ын нууц зөвлөмжтэй шууд худалдан авалтуудын чиглэлээр ажиллахаар болжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Ганибал ахлах аж.
Энэ тухай АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл“Зөвхөн нэг компани тендерийн хууль зөрчиж, техникийн шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн асуудал биш болж хувирлаа. Бид мафижсан тогтолцоотой, авлигын пирамидын нуралтын гэрч болж байна. Хууль бус зүйлд төр оролцохоор мафийн шинжтэй болдог.
Шууд хийсэн гэрээгээ улсын нууц гэж нэрлэдэг. Нүүрсний 20-иод их наядын гэрээ одоо хүртэл ил болоогүй, улсын нууц гэдэг нэртэй байна. ТЕГ гэдэг Засгийн газрын харьяа агнентлаг зөвлөмж гаргаад шууд гэрээ хийж, нууцад авдаг. Өнгөрсөн долоон жилд ийм зөвлөмжөөр хичнээн шууд гэрээ хийгдсэн вэ гэдэг асуудал гарч ирж байна. Том дүнтэй олон гэрээний сэжүүр гарч ирж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
АН-аас гурван албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна. Энэ талаар АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт “Түгжрэлийн асуудал хариуцсан сайд болон нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх ёстой. ТЕГ-аас гаргасан зөвлөмжийн дагуу энэ асууддыг нууцад оруулсан байгаа. Тиймээс ТЕГ-ын даргын хийсэн энэ үйлдэл хуульд нийцсэн эсэхийг хянаж, хууль зөрчсөн бол огцруулах шаардлагыг тавьж байна.
Үүнээс гадна УИХ дээр хяналтын тусгай хороо байгуулах хэрэгтэй. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд маш их нөхцөлийн улмаас маш олон тендерийн нууцад оруулж, шууд хийсэн. Татвар төлөгчдийн мөнгийг завшдаг авлига, хээл хахуулийн бүтэц тогтсон байж болзошгүй байна. Тиймээс тусгай дэд хороо байгуулах үүргийг АН-ын бүлгийн гишүүдэд өгсөн” гэсэн мэдээлэл өглөө.