Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын хамгийн их түгжрэл үүсгэдэг замуудыг төлбөртэй бүс болгоно гэж мэдэгдлээ.
Түүнчлэн, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоог хязгаарлах арга хэмжээг авахаар бэлтгэж байгаа бөгөөд тодорхой хязгаарлалт тавихгүй бол ирэх таван жил Улаанбаатар хот амьдарч байгаа хүн амаасаа илүү автомашинтай болно, түгжрэл буурахгүй гэдэг тооцоо гарсан байна гэлээ.
Тиймээс Улаанбаатар хотод шинээр автомашины дугаар олгохыг хязгаарлах заалтыг хуулийн төслүүдэд оруулахаар зэхэж байгаа аж.
Ингэхдээ хууль батлагдан гарах хүртэл автомашины дугаар авсан хүмүүсийн эрхийг хязгаарлахгүй. Тодруулбал, өнөөдрийг хүртэл автомашины дугаар авсан иргэд дугаараа бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломжийг нээлттэй үлдээх аж. Харин шинэ автомашин худалдан авсан тохиолдолд, өөрийнхөө автомашиныг хөдөө орон нутагт худалдаалах, эсвэл автомашинаа устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон өөрөө шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг хийх юм байна.
Түүнчлэн, импортын автомашины онцгой албан татварыг нэмэхээр төлөвлөж байгаа аж.