УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Муу нэртэй, луу данстай УИХ-ын гишүүд рүү бүх хог, шүүмжлэлээ шиддэгээ боливол таарна. Үүн дээр УИХ-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ёстой хатуу ярина шүү. Оруулж ирж байгаа хууль, ярилцаж байгаа асуудалд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Үүнд Засгийн газрын гишүүд онцгой анхаарах шаардлагатай” гэж хэлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Нүүрсний сонсгол зохион байгуулагдаж хулгайтай холбоотой тайлан дүгнэлтийг түр хороо хэлэлцэж санал дүгнэлтээ боловсруулж УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан.
Холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн.
Ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрсний сонсголын санал дүгнэлтийг хэлэлцэж, түр хорооны санал дүгнэлтийг сонсоно. Хуульд ингэж заасан байгаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хэлж байгаа шиг нүүрсний сонсгол хаягдсан мартагдсан зүйл байхгүй. Үнэн зөвийг тогтоохын төлөө УИХ анхаарал тавьж ажиллана.
Ард иргэдийн мэдэх эрхийг хангахтайгаар холбоотойгоор хууль тогтоомжийн төслийг Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлэхдээ иргэдийн саналыг авч, Засгийн газрын гишүүд нэгдмэл байр суурьтай байж олон санааг дагуулж болохгүй гэх нэгдсэн зарчмаар орж ирэх хэрэгтэй байна.
УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас ард түмэн, улс төрийн байгууллага, төрийн бус байгууллагын саналыг авч хариу өгнө. Хэнтэй уулзахаа хэнээр ч заалгахгүй.
Ард түмэнтэйгээ уулзаж ярилцана. Аль нэг талыг баримталж хүчээр шийддэг асуудал байхгүй. Тийм асуудал байхгүй. Үүнийг онцгой анхаарвал зохино. Ер нь цаашдаа асуудлуудыг зөвлөлдөх ардчиллын аргачлалаар тал бүрийн санал бодлыг сонсож хэлэлцэнэ. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, хагаралдуулж, зөрчилдүүлдэг.
Эцсийн эцэст муу нэртэй, луу данстай УИХ-ын гишүүд рүү бүх хог, шүүмжлэлээ шиддэгээ боливол таарна. Үүн дээр УИХ-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ёстой хатуу ярина шүү. Муу л юм болохоор УИХ-ын буруу. Оруулж ирж байгаа хууль, ярилцаж байгаа асуудалд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Үүнд Засгийн газрын гишүүд онцгой анхаарах шаардлагатай гэв.