Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын гишүүд салбар яамдын бодлого, зорилтын талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай энэ сарын 11-19-ны өдрүүдэд цахимаар хуралдаж буй.
Үүний хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгагдсан аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх 2024 оны гэрээнд анхаарч ажиллах асуудлуудаар хэлэлцлээ.
Энэ үеэр Гамшгаас урьдчилан сэргийлэхэд аймаг, орон нутгийн удирдлагуудад Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахад дэмжин ажиллаж, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Стандарт, хэмжил зүйн нэгж болон лабораториудын чадавхийг дээшлүүлэхэд анхаарч, эталон төхөөрөмжөөр хангаж, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг даалгалаа. Мөн ШӨХТГ-ын хэлтэсийн дарга нарт Цаг үеийн асуудлаар шуурхай ажиллаж, холбогдох арга хэмжээг авч, хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлтөд байнгын хяналт тавих, дүгнэлт, танилцуулгыг хүргүүлэх зэрэг чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.
Түүнчлэн аймаг бүрд Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсантай холбогдуулан ажлыг нь яаралтай эхлүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд ажиллуулахыг даалгалаа.