Улсын Онцгой Комиссоос манай улсын хаваржилтын нөхцөл байдлыг танилцуулах үеэр “хот айл” төслийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид жил бүр өвөл, зудтай нүүр тулж, давж ирсэн. Байгаль цаг уур өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад олон асуудал, сөрөг үр дагаврууд гарна. Дэлхий дахинд ондоошил болсон өв соёл, малчид маань нүүдэлчдийн үнэ цэн юм.
Гэхдээ эдийн засгийн ашиг орлого өндөр эрчимжсэн мал аж ахуйн тогтолцоо руу орох ёстой. Нэг нэгээрээ уулын мухарт очоод эрсдэлд ороод зам хаагддаг биш.
Хот айл төсөл гэдэг нь тав арваараа нийлээд худаг усаа гаргадаг, ногоон тэжээлээ гаргадаг байхыг хэлж байгаа. Зарим айл маш сайн хашаа саравчтай, мал нь дулаан, эрсдэлгүй аюулгүй харагдсан. Дийлэнх малчдын хашаа хороог өөрчлөх шинэчлэх шаардлагатай.
Хашааны стандартын асуудлыг ярих ёстой. Бид стандарт ярих гэхээр малын хашаанд ямар хэрэгтэй юм гэдэг хүмүүс байдаг. Бүх юм стандарттай. Хот айлаараа бүх асуудлаа шийддэг хамтын зарчим руу шилжинэ.
Анхан шатны сүү, арьсны боловсруулалтаа хийхгүй бол өөрсдөө нядалж байна гээд шаардлага хангаагүйгээс болж үнэ хүрдэггүй. Хөдөө орон нутагт хүн хүч хүрэлцдэггүй айлууд байна. Тэгэхээр мал сүргээ хуваарь гаргаж хариулдаг байх.
Хэн хэндээ харилцан үр ашигтай хамтарч ажилласнаар орлого ашиг өндөртэй байх боломж нөхцөл бүрдэнэ. Сэтгэлийн хат, ухааны ур, тэвчээрийн туйл болсон малчид байгалийн хатууг сэтгэл итгэлээр даван туулж байна” гэв.