Манайхан утаатай янз бүрээр л тэмцэж байна. Эцэг эхчүүд жагсаж, түшээд нь
элдэв шахаагаа хийж, Ерөнхийлөгч нь НҮБ-ын индер дээр агаарын бохирдлын
асуудлыг ярьж шагнал хүртсэн гээд бидэнд утаатай хийсэн арвин туршлага байна. Гэвч
үр дүн нь хангалтгүй. Уг нь хамгийн зөв
шийдэл утаа гаргадаггүй болох юм. Түүнээс зуух тараагаад л түүнд нь түлэх
нүүрсийг нь хямдруулаад байвал утаа гараад л байна. Үүний манай дарга нар л
ойлгохгүй байдаг юм уу. Нэг хэсэг л зуух тарааж утаатай тэмцлээ.
Тэгвэл энэ явцад зарим мэргэжилтнүүдээс гарсан зөв санаачлага нь өвлийн
улиралд цахилгааны шөнийн тарифийг тэглэх байв. Шөнө нь цахилгаанаа үнэгүй
хэрэглээд эхлэхээр айлууд гал түлэхгүйгээр тень /цахилгаан халаагуур/, шалны
халаалт зэргийг ашиглаад нүүрс түлээнд мөнгө зарцуулахааргүй болно. Энэ л зөв
шийдэл байсан юм. Гэхдээ орон сууцанд амьдардаг айл өрхийн шөнийн цахилгааныг
тэглэвэл улсад хохиролтой. Угаасаа ч улсын үйлдвэрүүд алдагдалтай ажилладаг
дээрээ шаардлагагүй айлуудын цахилгааныг тэглээд бүр л алдагдал хүлээх нь
ойлгомжтой юм.
Тиймээс яг л утааны голомт болоод байгаа, утааг ихээр үйлдвэрлэж буй орчны
шөнийн цахилгааныг тэглэж, шөнө дөө гал түлэхгүй байх, цахилгаан халаагуур авч
тавих үүрэг өгөх хэрэгтэй юм. Цахилгааны шөнийн тарифийг тэглэснээс хойш үр
дүнгээ өгч байгаа талууд ажиглагдаж байна. Өвөлдөө 2-3 портер нүүрс түлдэг
байсан айлууд тень залгачихаад л сардаа 20-30 мянган төгрөг хэрэглээний зардал
дээрээ нэмж төлөөд л амьдрах боломжтой болсон байна. Утаа ч эрс багасч, зарим
өглөө нүд онгойж, цээж дүүрэн амьсгалаад сайхан л байгаа.
Гэтэл манай дарга нарын шийдвэр захирамжууд ардаа байнга л асуудал,
маргаан, ашиг сонирхлын зөрчил дагуулж явдаг хойно цахилгааны шөнийн тарифийн
хөнгөлөлтөд утаагүй бүсийнхэн буюу нүхтийнхэн хамрагдчихсан яваа талаар
мэдээллийг эх сурвалж өглөө.
Доорх захирамжийг ажиглаарай. Агаарын чанарыг буюу агаарын бохирдлыг
бууруулах зорилгоор цахилгааны шөнийн хөнгөлөлтөд хамрагдах бүсийг тогтоох
тухай захирамжийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга С.Батболд
нар хамтран гаргасан байна.
Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол гээд л утааг ихээр
үйлдвэрлэдэг хороодыг багтаажээ. Гэтэл барагтаа л утаа, агаарын бохирдлын
асуудал яригдаад байдаггүй Хан-Уул дүүрэг ч энэ хөнгөлөлтөд хамрагдсан байх юм.
Хан-Уул дүүрэг дундаа Нүхтийн амны айл өрхийг цахилгааны шөнийн хөнгөлөлтөд
хамруулчихсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн зургаадугаар хороо. Энэ
хороонд нүүрс түлдэг таван ханат гэрүүд бус том том хаус, амины орон сууцууд,
пент хаус, виллаж энэ тэр нь байдаг. Магадгүй нийслэлийн хамгийн цэвэр агаартай
орчин гэж нэрлэж болно.
Гэтэл агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрт багтчихсан шөнийн хөнгөлөлт
эдлээд л явж байна. Хамгийн цэвэр агаарт ая тухтай амьдрахыг хүсвэл манай
Нүхтийн байшинг сонгоорой гээд л рекламдаад байдаг биз дээ. Тэгвэл цэвэр
агаартай юм бол агаарын чанар сайжруулах хөтөлбөрт хамрагддаг нь ямар учиртай
юм бэ.
Эсвэл дарга нар, тэдний хамаатан, үр хүүхдүүд амьдардаг учраас цахилгааны
хөнгөлөлт эдэлж байгаа хэрэг үү. Тэгвэл би ч бас хамрагдмаар байна. Манайх 21
дүгээр хороололд байдаг. Баянхошуу толгойтоос орж ирж буй утааг өвөлжингөө л
амьсгалж байна. Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр Нүхтэд биш манай энд л
хэрэгжмээр байна. Битгий нэг ажил хийгээд ард нь ашиг сонирхлоо хавчуулж байгаа
ч дээ. Ядаж тансаг амьдралыг хүссэн бол түүнийгээ өөрийнхөө халааснаас төлөөд
яв л даа. 21-т амьдраад хордож байгаа би та нөхдийн тансаг амьдруулахын төлөө
төлбөр төлмөөргүй л байна шүү дээ.
А.Аюуш
Үндэстэн агентлаг