УИХ-ын сонгуулийн хууль гадаадад суугаа 200 гаруй мянган иргэний Үндсэн хуулийн тэгш сонгох эрхийг зөрчиж буй талаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” болон “Цахим Өртөө холбоо” ТББ Цэцэд хандан мэдээлэл хийж байна.
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Б.Мөнхдөл:
– Анх 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-аас гаргасан хуулийн заалтад “Гадаадад улсад байгаа иргэн уг хуулийн 59.4.2.-т заасан хэсэгт саналаа өгнө” гэж буюу саналын хуудасны зөвхөн “УИХ-ын 48 гишүүний хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгох”… нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх” хэсэгт саналаа өгөхөөр хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж ҮХЦ-д мэдээлэл гаргасан ба үүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Э.Энхтуяа “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тухай” энэ оны гуравдугаар сарын 5-ны 20-р тогтоол гаргасныг хүлээн авчээ. Тиймээс бид үндэслэлгүй гэж үзэж дараах хэд хэдэн ҮХЦ-д гомдол гаргаж байна. Үндэслэл:
- 126 гишүүний 48-ыг сонгох хувь тэнцүүлсэн хэсэгт саналаа өгөх нь Үндсэн хуулийн сонгох эрхийг хангасан гэж ҮХЦ-ийн гишүүн үзсэн нь үндэслэлгүй.
- Венын конвенцын дагуу МУ-ын нутаг дэвсгэр гэдэгт гадаад улс дахь Монголын дипломат төлөөлөгчийн газар байрших газар мөн хамаарах ба сонгуулийн тойргийг тогтоохдоо Монгол Улсын эдгээр нутаг дэвсгэрийг орхигдуулсан нь үндэслэлгүй
- ҮХЦ-ийн тус гишүүн гадаад улсад оршиж байгаа иргэн нь “Хаягийн бүртгэлгүй” гэж дүгнэсэн нь огт хууль, эрх зүйн үндэслэлгүй
- Баталгаат шуудан, цахим засаглалын ололт дэвшил бүхий орчин үед гадаад байгаа иргэдийн “Тэгш сонгох” эрхийг хангах боломж гагцхүү хууль тогтоох дээд байгууллагын бүрэн эрхэд бий
- МУИХСТХ-ийг Үндсэн хууль зөрчсөн тухай хангалттай баримт, нотолгоо гаргасан.
Монгол Улсын 211 мянга гаруй иргэн гадаадад амьдардаг. Энэ тоо улам нэмэгдэнэ. Хэдий улсаасаа явж байгаа ч Үндсэн хуулийн заалтад хаана амьдарч буйгаасаа шалтгаалж ялгаатай эрх эдэлнэ гэж заагаагүй. Гадаадад байгаа иргэд 6 дугаар сарын 20-23-ны хооронд буюу дөрвөн өдөр тухайн улсад байгаа Монголын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж сонгуулиа өгөх боломжтой.