УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Оролцогч Г.Ганбат “Агаарын бохирдлын 56 хувь нь гэр хорооллоос үүсэж буйг тодорхой бичжээ. Гэтэл яагаад тийш 30 мянган ширхэг нүүрсний зуух тараах гэж байна вэ. Үүний оронд хэрэглэх 50 мянган ширхэг 1КвТ-ын цахилгаанаар гэр халаах халаагуур байна гээд байхад яагаад авч хэлэлцэхгүй байна вэ.
Тог, цахилгаан хүрэхгүй гэж худлаа ярих хэрэггүй. Оргил цагаар л хүрэхгүй байгаагаас биш шөнийн нам ачааллын үед бүр илүүдээд л байж байгаа шүү дээ. Гэр хорооллоо цахилгаанаар халаахад яагаад болохгүй байна вэ” гэж асуув.
Үүнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэлээс 32 мянган зуух авахаар тендер зарласан байгаа. Үүний гол шалтгаан нь агаар орчны бохирдлыг бууруулахаас илүү угаарын эрсдэлийг, нүүрс түлж буй иргэд угаартаж буй тохиолдлыг бууруулах зорилгоор энэ ажлыг хийж байна. Бодлогоор бол цаашид ногоон бүс, дараа нь шар бүс байгуулна. Шар бүсийн айлууд зуух хэрэглэх юм.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсон тул энэ өвөлдөө цахилгаан таслахгүй байхаар асуудал шийдэгдсэн. Мөн 46 мянган айлын цахилгааны хүчдэлийг дээшлүүлэх ажлыг хийж байгаа” гэж хариуллаа.