“Энхтайваны гүүрийг явган хүний замгүй болгож, трамвай явуулна” гэх мэдээлэл цацагдсан. Уг асуудлаар “Улаанбаатар Трамвай төсөл”-ийн удирдагч Б.Ану-Үжин мэдээлэл өгөв.
Тэрээр “Одоогийн байдлаар трамвайн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зураг боловсруулах шатандаа буюу 20 хувьтай явж байна. Трамвайг хоёр трасстай байхаар төлөвлөсөн. Трамвайн эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн автозам, Энхтайвны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл байна.
Яармагийн замын голд ногоон байгууламж бүхий талбай байдаг учир дээр нь хөнгөн галт тэрэг явуулах төлөвлөгөөтэй байна.
Уг чиглэл Энхтайваны гүүрээр дамжин явах учир тус гүүрийг хүчитгэнэ. 60 гаруй жилийн өмнө уг гүүрийг ашиглалтад оруулсан учир зайлшгүй хүчитгэх шаардлага үүсч байгаа. Ингэхдээ иргэндээ ээлтэй байдлаар төлөвлөнө. 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд зураг төсөл эцэслэгдэнэ. Ерөнхий төлөвлөгөөгөөр 2025-2030 онд дуусгахаар байна.
Харин хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас-Зунжин байна. Энэ дагуух талбайд газар чөлөөлөлтийн ажил явагдаж байна.
Трамвай нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой. Нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх багтаамжтай, дундаж хурд 30км/ц, дээд хурд 60 км/цаг юм. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон.
Ингэснээр Яармагийн авто замын түгжрэлийг 27.5хувиар бууруулна” гэлээ.