Эрчим хүчний салбарын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр /2017.08.14/ болж, 2017–2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг онцоллоо. Үйлдвэр компанийн удирдлагуудын танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 70 гаруй хувьтай байгаа аж. Нүүрсний хангамж, техник тоног төхөөрөмжийн засвар шинэчлэл болон шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэлийг шуурхайлж, хариуцлагаа чангатгаж ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү үүрэг болгов.
Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн шөнийн цахилгааны тарифыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэж, гурван сарын хугацаанд нийт хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Хөнгөлөлтөд хоёр тарифт тоолууртай 110.000 өрх айл хамрагдсан. Мөн шөнийн цахилгааны тарифыг тэглэснээр цаашид агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх судалгаа гарсан учир уг хөтөлбөрийг 2017 – 2018 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааныг 50 хувь хөнгөлөх юм. Үүнтэй холбоотойгоор системийн хэмжээнд үүсэх ачааллыг эртнээс нарийн тооцоолж, богино хугацаанд бэлтгэл ажлаа хангах шаардлагатайг орон нутгийнүйлдвэр,компанийнудирдлагуудад шуурхай хуралдаанаар анхаарууллаа. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд нийслэлийн 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж байгааг \”Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд танилцуулав.
Станцуудын нүүрсний хангамжийг бүрдүүлэх бэлтгэл ажил хэвийн байна. Тухайлбал, Шивээ Овоогийн уурхай550 мян.тонн, Багануур 594 мян.тонн, Шарын гол 80 мян.тонн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байгаа аж. Цаашид станцуудын үйл ажиллагааг хэвийн хангах үүднээс засвар үйлчилгээ, нүүрс нөөцлөлтийн асуудалд онцгойлон анхаарахыг салбарын сайд сануулав.
Ирэх өвөл харьцангуй хүйтэрч, хүндрэх төлөвтэй байгаа учир улсын хэмжээний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, 14 хоног тутамд мэдээлэл ирүүлэхийг Эрчим хүчний сайд П.Ганхүү үүрэг болголоо.
ЭХЯ